Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан жагсаал гурав дахь өдрөө илүү олон дэмжигчтэйгээр Төв талбайд үргэлжилж байна.
Гэвч "дайны хажуугаар дажин" гэгчээр өнөөдрийн жагсаалтай давхцуулж Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас "Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгааг жагсагчид шүүмжлэв.
Ийнхүү Сүхбаатарын талбайд нэг хэсэгт жагсаж байхад нөгөө хэсэгт асар майхан дотор худалдаа эрхэлж, тусгайлан зассан тайзан дээрээс дуу хуурын ая ч сонсогдоно.
Үүнийг жагсагчдын төлөөлөл "Өнөөдөр жагсаалд нэгдэхээр талбай дээр иртэл давхцаад өөр өдөрлөг зохион байгуулж байх юм.
Иргэд нь нийгмийн даатгал төлөөд л байдаг. Гэтэл бидний даатгалын мөнгөөр Нийгмийн хамгааллын яам нь ийм арга хэмжээг давхцуулж хийх юм.
Үнэхээр татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй юм байна" гэлээ.
"Цүнхтэй жагсаал"-д нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэхээр нялх хүүхэдтэйгээ ирсэн жагсагч ч байлаа. Тэрбээр "Өмнө нь би нэг ч удаа жагсаалд оролцож байгаагүй. Гэхдээ өнөөдөр энэ жагсаал надаар л дутах юм шиг санагдсан.
Сүүлийн дөрвөн жил тасралтгүй НДШ төлөөд улсдаа хувь нэмэр оруулж, ажил хөдөлмөр хийсэн. Аав, ээж маань насаараа татвар төлсөн хүмүүс. Гэтэл миний болон миний аав, ээжийн төлсөн татвараар сайдын 20 гаруйхан настай хүү найз охиндоо үнэтэй цүнх бэлэглэж байхыг зүгээр хараад сууж чадсангүй.
Тиймээс ч нялх хүүхдээ тэврээд хоёр дахь өдрөө жагсаалд нэгдэж байна" гэж ярилаа.
Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнтэй холбоотой дуулиан олны дургүйцлийг хүргэж, түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан иргэд гарын үсгээ зурцгаасаар байна.
Ташрамд дурдахад Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн гадаад улсаас ирж Авлигатай Тэмцэх Газарт тайлбар өгөхөөр болсныг мэдээлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
91 СЭТГЭГДЭЛТЭЙ
|