Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнтэй холбоотой дуулиан олны дургүйцлийг хүргэж, Төв талбайд жагсаал хийх хэмжээнд хүрэв. Энэхүү жагсаал өнөөдөр хоёр дахь өдрөө илүү олон дэмжигчтэйгээр үргэлжилж, Засгийн газрыг огцрохыг шаардаж эхэллээ.
Залуус голдуу цугласан жагсаалыг ахимаг насны хоёр эмэгтэй бусниулахыг оролдсон. Жагсагчид тэдний "хүссэн" хэрүүл маргааныг хийсэнгүй, зүгээр л "Болиоч" хэмээн шаардсаар бусниулагч хоёрыг явуулав.
Төв талбайд цугларсан залуусын төлөөлөл:
"Татвар төлөх ямар ч шаардлага алга. Аав маань нийслэлийн шилдэг татвар төлөгч болоод нэг охины цүнхийг авч өгсөн юм байна. Бизнес хийдэг хүний хүүхэд баян байдаг. Л.Оюун-Эрдэнийн хүүхэд бол биш. Улс төрчийн хүүхэд ингэж болохгүй шүү дээ"
"Тансаг амьдарч байгаа төрийн албан тушаалтнуудаас иргэд орлогоо нотлохыг шаардах эрхтэй. Ерөнхий сайдыг огцор гэж шаардаж байгаа нь зөвхөн хүүтэй нь холбоотой асуудлаас болоогүй. Маш удаан хугацаанд хуримтлагдсан иргэдийн бухимдал өнөөдөр тэсэрч байна"
"Ерөнхий сайд огцрохгүй байсан ч түүнд хариуцлага тооцох хүч байгаа шүү гэдгийг ойлгуулмаар байна. Ерөнхий сайд "АМАРГҮЙ" гэж их хэлдэг. Амаргүй байгаа юм бол огцрох амархан шүү дээ. Ажлаасаа буучхаач гэдэг агуулгаар ОГЦРОХ АМАРХАН гэж байгаа юм" хэмээв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!