Уншиж байна ...

"Төрөлт буурсан байхад Ш.Алтантуяа дарга "Үзлэгээ олшруул, нэг хүнийг ₮20,000 гэж хар, үгүй бол та нарын цалин мөнгө бүрэн олгогдоход хэцүү" гэхчлэн дарамталдаг"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хүрээ" амаржих газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтантуяаг ажилчдын эрх ашгийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа удаа дараа явуулж байна гэж үзсэн тус эмнэлгийн эмч, ажилчдын төлөөлөл мэдээлэл өглөө.

Эмч, ажилчдын төлөөлөл "Би өнөөдөр энд ганцаараа сууж байгааг хүмүүс гайхаж магадгүй. Өнөөдөр өглөө 09:00 цагт гэхэд удирдлагаас нийт тасгийн эрхлэгч болон албадын дарга нарыг цуглуулаад "хэрвээ та нар ажлын байрнаас нэг минут хөндийрвөл та нарт арга хэмжээ тооцно шүү" гэж сануулсан. Бид дарга, тасгийн эрхлэгчийн зөвшөөрөлгүйгээр нэг минут ч ажлын байраа орхиж гарах ёсгүй улс.

Энэ дүрмийн дагуу эмч, ажилчид маань тэнд ажлаа хийгээд явж буй. Миний бие Үйлдвэрчний Эвлэлийн даргын хувьд төлөөлөл болж ирлээ.

Ш.Алтантуяа дарга өмнө нь Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн захирлаар гурван жил ажиллахдаа зөрчил гаргасан гэж үзээд ажлаас чөлөөлөгдсөн. Ингэж ажлаасаа чөлөөлөгдсөн хүн ямар томилгоогоор "Хүрээ" амаржих газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгааг бид мэдэхгүй.

Томилогдож ирсэн цагаасаа хойш ажилчидтайгаа харьцаж байгаа хандлага, дээрэнгүй, дандаа загнаж, зандарсан байдлаар харьцдаг. Хувь хүнд дарамт учруулах байдлаар ханддаг.

Ажил, албаа хэтрүүлэн ашиглаж байгаа талаар хэдэн баримт дэлгэе. 

  • Манай эмнэлгийн Хүний Нөөцийн албаны даргыг ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байхад нь ажлын байрны дарамт үзүүлсний улмаас ажлаас гарах өргөгдлөө өгсөн. Ингээд өвчтэй байх хугацаанд нь ажлаас нь чөлөөлсөн байдаг.
  • Тухайн байгууллагын бүтэц, орон тоо яаж ажиллах вэ гэдгийг оны эхэнд удирдлагын хурлаар авч хэлэлцдэг. Гэтэл Ш.Алтантуяа дарга өөрөө бүтэц орон тоогоо батлаад үүнийгээ үндэслэн хүнийг ажлаас нь халж, оронд нь өөртэй нь цуг ажиллаж байсан хүнийг томилсон.
  • Манайд шинээр ажилд орох хүнийг туршилтын гурван сарын хугацаатай авдаг. Гэтэл Ш.Алтантуяа даргын хүрээллийн хүнийг шууд тушаалаа гаргаж авдаг.
  • Мөн дотоодын хяналтын албаны даргаар мэргэжлийн хүн ажиллах ёстой. Эрүүл Мэндийн Яамнаас хүртэл шалгалт ирээд "мэргэжлийн хүн ажиллах ёстой" гэдэг шаардлага тавьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл мэргэжлийн бус хүн ажиллуулаад, рентгений эмч гэдэг тушаал нэмж батлаад 40% цалингийн нэмэгдэл олгож байна.
  • Нийслэлийн "Хүрээ" амаржих газар ямар бүтэц, зохион байгуулалттай ажиллах вэ гэдгийг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар шийддэг. Энэ тушаалд даргын туслах гэдэг орон тоо байдаггүй. Харин Ш.Алтантуяа дур мэдэн шийдвэр гаргаж, ийм орон тоо нэмээд зогсохгүй тухайн хүн Сувилахуйн албаны арга зүйч гэдгээр нь 100% цалинжуулаад даргын туслах гэдгээр нь 40% нэмэгдэл өгдөг. Гол асуудал нь энэ хүн албаны арга зүйчээ хийдэггүй. Мөн манайд байхгүй албан тушаал дээр нэмэгдэл цалин авдаг.
  • Эмнэлэгт хэвлэл мэдээллийн ажилтан гэдэг орон тоо байдаггүй. Гэтэл энд бас өөрийн хүрээллийн хүнээ авчраад ажиллуулчихсан. Тэр хүн нь ажилдаа байнга ирдэггүй, гэрээгээр ажилладаг гэсэн мэдээлэл бий" гэв.

Мөн орон даяар төрөлт буурсан үзүүлэлттэй байхад Ш.Алтантуяа дарга "Үзлэгээ олшруул, нэг хүнийг ₮20,000 гэж хар, үгүй бол та нарын цалин мөнгө бүрэн олгогдоход хэцүү. Байгууллагын санхүү сэхээнд орсон байдалтай байгааг нь та нартай холбоотой" гэх мэтээр ажлын байрны дарамт үзүүлдэг талаар онцолсон юм.

Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн асуудлаас шалтгаалан сувилагч нар илүү цагаар ажиллах, асрагч нар стандартаас давсан ажил үүрэг гүйцэтгэх олон асуудал гардаг. Саяхан тус байгууллагад ариун цэврийн өрөө бөглөрсөн асуудал гарахад зориулалтын ажлын хувцсаар хангаагүй. Нэг удаагийн хэрэглэл 15-аас 20 хоног тасарсан байдалтай байгааг хурлын төгсгөлд хэлсэн юм.