Уншиж байна ...

Нэр бүхий иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Зургийг олон нийтийн цахим сүлжээнээс авав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй гэх эмэгтэйн цахим сүлжээнд нийтэлсэн зургууд сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. 

Тодруулбал 20 гаруй настай О.Тэмүүлэнг ямар орлогын эх үүсвэр ашиглаж найз бүсгүйдээ брэндийн цүнх, хувцас бэлэглэсэн талаар нотлохыг олон нийтийн зүгээс шаардаж байгаа билээ. Түүний аав ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийт нэг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн ХАСХОМ дээрээ дурдсан байдаг. 

Үүнтэй холбогдуулан иргэн Ц.Лут-Очир, Ш.Оюунбат нар тус асуудлыг шалгуулах талаар Авлигатай Тэмцэх Газарт өнөөдөр хандсан байна.

Энэ талаар иргэн Ц.Лут-Очир "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа гэх хүмүүсийн хүүхдүүдийн тансаг байдал өөрсдийн хөрөнгө орлоготой огт нийцэхгүй байна. Үүнийг авлигаар санхүүжүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл тархсан байгаа тул хуулийн дагуу АТГ шалгаж мухарлах ёстой" хэмээн өнөөдөр мэдээлэл өгөв.

Түүнчлэн энэ талаар Авлигатай Тэмцэх Газраас тодруулахад "АТГ-т өргөдөл, гомдол ирсэн байвал Нийслэлийн прокурорын хяналтад шалгах ажиллагаа явагддаг. Одоогоор манай байгууллагын гомдол мэдээлэл гаргадаг 110 төвд нэр бүхий иргэд гомдол гаргаж байна. Тус гомдлыг бүртгэж авсан эсэх талаараа АТГ-аас дахин мэдээлэл өгнө" гэв. 
зураг