Мексикийн хотын захирагчийн сонгуульд өрсөлдөгч шууд нэвтрүүлгийн үеэр буудуулж алагдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн орой Мексик улсын Веракруз мужийн Текситепек хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг кампанит ажлынхаа үеэр олны нүдэн дээр буудуулж алагджээ.

Нэр дэвшигч Есениа Лара Гутеррез хотын гудамжаар сонгогчидтой мэндчилэн алхаж байх үедээ буудуулахыг үйл явдлын Фэйсбүүк шууд нэвтрүүлэг харуулсан байна.

Нийт 20 орчим удаа буун дуу гарахад нэр дэвшигчээс гадна гурван хүн алагдсан нь шууд дамжуулалтын бичлэгт үлджээ.

Аллагын дүрс бичлэг Даваа гарагийг хүртэл нэр дэвшигчийн албан ёсны Фэйсбүүк хуудсанд хадгалагдаж байсан юм.

Даваа гарагийн өглөөний хэвлэлийн хурлын үеэр Мексик улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум халдлага гарсан нь үнэн болохыг баталсан ч ямар зорилготой нь мэдэгдээгүй байгааг сэтгүүлчдэд дуулгажээ.

Тэрбээр Веракруз мужийн эрх баригчидтай холбоо барьж, шаардлагатай бол мөрдөн шалгах ажилд холбооны засгийн газраас дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

“Бид Веракруз, Дуранго мужуудад сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангах тусламж үзүүлэх талаар ярилцаж байна” гэж Шэйнбаум мэдэгджээ.

Дээрх хоёр мужид зургаадугаар сарын 1-ний өдөр орон нутгийн сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах юм.

Алагдсан нэр дэвшигч нь ерөнхийлөгч Шэйнбаумын эрх баригч Морена намын гишүүн байжээ.

“Ямар ч албан тушаал хүний амь наснаас үнэтэй байх ёсгүй. Бид Морена намын нэр дэвшигчийн амийг Текситепек хотод хөнөөсөн этгээдүүдийг олж, илрүүлэх болно” гэж Веракруз мужийн захирагч Росио Нале сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Мексик улсад сонгуулийн үеэр улс төрчдийн амь насанд халдах явдал түгээмэл байдаг.

Өнгөрсөн онд Мексикт улс төрийн аллага түүхэн дээд хэмжээндээ хүрч, 661 тохиолдол бүртгэгдсэнийг Data Civica хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.

Хохирогчдын ихэнх нь орон нутгийн захиргааны албан тушаал хашдаг болон уг албан тушаалд нэр дэвшигчид байжээ.

2024 оны тавдугаар сард өмнөд бүсийн Герреро мужийн сонгуульд нэр дэвшигч камерын өмнө буудуулж алагдсан юм.

Хэдхэн өдрийн дараа Мичоакан мужийн Котиха хотын захирагч эмэгтэй фитнес клубээс гэрийн зүг бие хамгаалагчийн хамт алхаж явахдаа буудуулжээ.

Аравдугаар сард Герреро мужийн төв Чилпансинго хотын захирагч албан тушаалаа хүлээж авснаас хойш долоо хоногийн дараа зэрлэгээр алагдаж байв.

Ийм аллагуудыг ихэвчлэн орон нутгийн картелууд өөрийн хяналтыг засаг захиргаанд тогтоох зорилгоор зохион байгуулдаг.

 

Эх сурвалж: CNN