Украины талтай ямар нэг зуучлагчаар дамжуулалгүй, шууд яриа хэлэлцээ эхлүүлэх саналыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Бямба гарагт гаргасан билээ.
Хариуд нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский түүнд Пүрэв гарагт Истанбул хотод биечлэн уулзах урилга хүргүүлсэн юм.
Одоогоор Москва энэ саналд ямар нэг хариу өгөөгүй байна.
Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Ойрх Дорнодын орнуудаар айлчлахдаа Истанбулд саатаж, тэдний уулзалтад оролцох сонирхолтой байгаагаа өчигдөр илэрхийлжээ.
“Пүрэв гарагт Турк улсад болох Орос, Украины уулзалтаас сайн үр дүн гарч магадгүй юм. Би үүнд оролцох талаар бодлоо. Би маш олон уулзалттай ч тэнд очих талаар бодож байна. Хэрвээ уулзалт бодитой хэрэгжвэл ийм боломж байгаа. Бид үүнийг хийх ёстой” гэж тэр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.
Зеленский Путинийг уулзалтад урихдаа Даваа гарагаас эхлэн 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг давхар дэвшүүлсэн юм.
Гэхдээ өчигдөр үүрээр Оросын талаас олон арван нисгэгчгүй онгоц Украины хотууд руу довтолсон тухай мэдээ Киевээс ирснээс үзвэл Зеленскийн гал зогсоох саналыг лав Москвагийн эрх баригчид хүлээж аваагүй бололтой.
Киевийн албаны эх сурвалжийн мэдээлснээр гал зогсоох саналыг нь хүлээж. авах эсэхээс үл хамааран Зеленский Истанбулын уулзалтад оролцоход бэлэн байгаа гэнэ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
105 СЭТГЭГДЭЛТЭЙ
|