Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз бүсгүй гэх эмэгтэйн олон нийтийн сүлжээнд оруулсан зургууд дөрөв дэх өдрөө сэдэв болж байна.
Ө.Өгөөмөр гэх эмэгтэйд Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн брэндийн цүнх, хувцас бэлэглэсэн, 20 гаруйхан настай залуу тансаг зэрэглэлийн эдээр найз бүсгүйгээ бялууртал эрхлүүлэх хэмжээний мөнгөтэй байж чадах уу, хөрөнгийн эх үүсвэр нь юу вэ гэхчлэн хардлага хөвөрч байсан бол энэ сэдэвт өчигдөр оройноос нэгэн шинэ дүр нэмэгдэв. Тэр бол дуулианы эзэн эмэгтэйн аав Ч.Өгөөдэйбаатар.
Нэр бүхий сайтад ярилцлага өгсөн тэрбээр охиндоо тансаг зэрэглэлийн автомашин бэлэглэхийн зэрэгцээ цүнх авахад нь зориулж 20 сая төгрөг шилжүүлсэн хэмээн ярьсан. Мөн тэрбээр өөрийгөө 20 гаруй жил бизнес эрхэлж байгаа, АНУ-д ч компанитай хэмээн танилцуулсан. Гэвч бэлдсэн материал уншиж буй мэт ярьж басхүү маш олон засвар оруулсан түүний ярилцлага дуулианыг намжаах бус олон нийтийн хардлагыг улам сэдрээв.
Үнэмшил муутай, логикгүй яриаг нь худал гэдгийг батлах сошиал мэдээллүүд тэр дороо гарч эхэлсэн. Тухайлбал, иргэд Ч.Өгөөдэйбаатарын нэрээр олон нийтийн сүлжээнд хайлт хийж үзжээ. Ингэхэд дараах мэдээллүүд гарч ирсэн байна.
Харин opendata нээлттэй мэдээллийн сангаас түүний нэрээр хайлт хийхэд Ай Эс Өү Өү гэдэг нэртэй компани гарч ирсэн бөгөөд тус аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулдаггүй аж.
Ийнхүү Ч.Өгөөдэйбаатарын сошиал дахь гишгэсэн мөр болгоныг олон нийт шүүв. Эцэст нь тэрбээр фэйсбүүк хаягаа хаалттай болгожээ.
Ийнхүү ядуу улсын Ерөнхий сайдын хүүгийн хэрээс хэтийдсэн тансаглалыг тойрсон асуудлыг дараа дараагийн дүрүүд улам бүр сарниулсаар.
Хэн нэгэн эмэгтэй бусдаас тансаг бэлэг авч болно. Түүнийгээ сошиалд нийтэлж ч болно. Энэ бол хувь хүний асуудал. Харин тэрхүү бэлгийг өгсөн хүн нь Ерөнхий сайдын ямар нэгэн бизнес эрхэлдэггүй хүү бол үүнийг олон нийт шүүмжилж, хардах бүрэн эрхтэй.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бэр болох бүсгүйгээ брэндээр тансаглуулах хэмжээний хөрөнгөтэй юу гэдгийг дараах графикаас харж болно.
Ташрамд дурдахад, Л.Оюун-Эрдэнэ 2001 оноос ажлын гараагаа Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын даргаар эхэлж, өнөөдрийг хүртэл МАН болоод төртэй холбоотой явсаар ирсэн байдаг.
Олон нийтийн шаардаж байгаачлан хүүгийнхээ "цацаж" буй мөнгөний эх үүсвэрийг Ерөнхий сайд тайлбарлах ёстой. Хэрэв татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаагүй гэвэл үүнийгээ нотлохыг шаардаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
249 СЭТГЭГДЭЛТЭЙ
|