Өнгөрсөн амралтын өдрүүдэд Швейцарын Женев хотод уулзсан АНУ, Хятадын засгийн газрын төлөөлөгчид яриа хэлэлцээнийхээ үр дүнг өчигдөр нийтэд зарлажээ.
Талууд харилцан нэгэндээ ногдуулсан импортын өндөр татварыг тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаанд бууруулахаар тохиролцсон байна.
Тухайлбал Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд АНУ-ын ногдуулсан 145 хувийн татвар 30 хувь, АНУ-ын бараа бүтээгдэхүүнд Хятадын ногдуулсан импортын татвар 125 хувиас 10 хувь болж буурахаар болжээ.
Хятадын тал бас чухал ашигт малтмалын экспортын хоригоо энэ хугацаанд цуцлахаар болсон байна.
АНУ-ын ногдуулсан татварын хэмжээ 10 хувьд хүрэлгүй 30 хувь дээр үлдсэн нь сэтгэцэд нөлөөлөх хүчтэй бодис фентанилын хууль бус нийлүүлэлтийг зогсоох тал дээр Бээжингийн эрх баригчдаар илүү ихийг хийлгэх зорилготой хөшүүрэг ажээ.
АНУ-ын сангийн сайд Скотт Бессэнт дээрх тохиролцоог “аль аль тал нь дайсагналыг хүсэхгүй байгаагийн илрэл” гэж тодорхойлсон бол Хятадын худалдааны яам “зөрчлөө арилгаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх үндэс суурийг тавьсан алхам” гэж дүгнэсэн байна.
2024 онд АНУ-аас Хятадад хамгийн их экспортолсон бүтээгдэхүүн нь Хятадын 440 сая гахайг тэжээхэд голлон зориулагддаг шар буурцаг байжээ.
Үүнээс гадна АНУ-аас эм, газрын тосны бүтээгдэхүүн Хятадад түлхүү экспортолсон байна.
Нөгөө талаас Хятад улс АНУ-д цахилгаан бараа, компьютер, хүүхдийн тоглоом голлон экспортолжээ.
Хамгийн том ангилал нь нийт экспортын 9 хувийг эзэлдэг ухаалаг гар утас байсан байна. Үүний дийлэнх нь Apple компанийн iPhone гар утас байжээ.
Гэхдээ тэнцлийг нь харвал АНУ худалдаж байгаагаасаа хамаагүй их бараа бүтээгдэхүүнийг Хятадаас авсан байна. Тухайлбал $440 тэрбумын бараа Хятадаас авч, $145 тэрбумын барааг Хятадад нийлүүлсэн нь Трампыг гонсойлгодог үзүүлэлт юм.
Талуудын аль аль нь энэ удаагийн тохиролцоог өөрийн ялалт гэж үзэж байна.
Бээжингийн эрх баригчид үүнийг Трампын засаг захиргаа худалдааны дайнаасаа ухарсан алхам гэж тайлбарлажээ.
Харин Цагаан ордон “Энэхүү хэлэлцээр нь АНУ-ын хувьд ялалт бөгөөд Америкийн ард түмэнд ашигтай гэрээ байгуулж чадсан нь ерөнхийлөгч Трампын хэлцэл хийх хосгүй ур чадварыг харууллаа” гэж мэдэгдсэн байна.
Ямартай ч энэ нь худалдааны дайныг хурцадмал байдлаас гаргах эхний нааштай алхам бөгөөд ирэх 90 хоногийн хугацаанд гэрээ байгуулж чадахгүй байсан ч импортын татвар өмнөх шигээ өндөр хэмжээнд буцаж хүрэхгүй байх магадлалтай юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!