Ц.Туваан: Нүүрсийг биржийн үнээр нь борлуулах гэхээр Хятадын тал нүүрс ачиж буулгах талбай алга гэх шалтгаан хэлдэг

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Асуудлууд маш хүнд байна. Гурван тусдаа үзэл баримтлалтай орж ирэх асуудлыг энэ хуулийн төсөлд дагуулаад оруулаад ирлээ.

Жишээлбэл баялгийн солилцооны асуудлыг оруулж ирсэн. Би үүнийг зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ энэ хуулийн асуудал биш. Аргална даа, хүчлээд гарна даа гэсэн агуулга яваад байна. Энэ хэдэн шинэковууд зүгээр баталчихна гэж яриад байна. 

Хуулийн төслийн 14.6-д зааснаар Уул уурхайн бүтээгдэхүүний чанар болон зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан үнэд өөрчлөлт оруулахаар гэрээнд тусгаж болно гэсэн. Чанарын асуудлыг урд хөрш шийддэг. Чанар дээр том босго тавьчихвал манай улсын нүүр бүгд унана. Ийм ноцтой зүйлийг худалдан авагч талын гарт оруулах гэж байгааг ойлгосонгүй. 

Уул уурхайн компаниудыг тээврийн компани болгосон. Өндөр ханштай үед нүүрсээ зараад ашигтай байх зүйл дээр тээвэрлэлтийг өөрсдөө хий гэсэн. Ийм байдлаар явснаас болж Хятадын Ганцмод боомтын нүүрс ачиж буулгах талбайн эздийн бодлогоор Монголын Улсын эдийн засаг тэр чигтээ хохирч байгаа.

Учир нь нүүрс ачиж буулгах талбай дүүрсэн учраас худалдан авалт хийсэн ч татаж авах боломжгүй гэж явсаар 140 ам.доллароор зарсан нүүрсийг 90 ам.доллароор тохируулга хийх гээд явж байна. 50 ам.долларын алдагдлыг уул уурхайн компани болон улсын төсөв үүрч байна.

Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь Өвөр Монголд байгаа нүүрс ачиж буулгах талбайн эздийн гарт биржийн тухай хуулиар өгчихсөн. Уул уурхайн компани тээврийн асуудал дээр санаа зовно гэдэг утгагүй зүйл" гэв.

Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Олон улсад биржийн үнэ, үнэлгээ чанартай холбогдож тогтдог. Өнөөдрийн нөхцөлд үнэ индексжүүлэх асуудал нь нүүрсний борлуулалт, татан авалттай холбоотой үүссэн зүйл. Чанартай холбоотой асуудлыг ажлын хэсэг дээр өөрчлөх боломжтой. 

Дэлхийд үүссэн худалдааны дайнтай холбоотой тодорхойгүй нөхцөл байдал бий болж, орлого тасалдах, борлуулалт байхгүй болох эрсдэл гарсан. Энэ асуудлыг зохицуулах зорилготойгоор хуулийн төслийг яаралтай оруулж ирсэн. 

Өмнө нь Цагаан хаданд 14 сая тонн нүүрсний овоолго үүсдэг байсан. Одоо бол Ганцмод боомт дээр энэ овоолго үүсээд байгаа нь үнэн. Зэлтэрийн гацаа шиг гацаа үүсчхээд байгаа. Энэ гацааг гаргаад нүүрсийг биржийн үнээр нь борлуулах гэхээр Хятадын тал нүүрс ачиж буулгах талбай алга гэх шалтгаан хэлдэг" гэв.

шууд үзэх:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа