Уншиж байна ...

Өсвөр үеийнхэнд мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар ойлголт өгөх "Пөөдөө" уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголд анх удаа, Азид хоёр дахь удаа "puppet movie" төрлөөр туурвисан "Пөөдөө" уран сайхны кино маргааш буюу энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хот болон 21-н аймаг, 330-н суманд нэгэн зэрэг нээлтээ хийх талаар киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл өглөө. 

Энэ төрлийн кино бүтээлийн онцлог нь хүүхэлдэйн дүрүүдийг амьд мэт хөдөлгөөнтэй, бодит мэдрэмжтэйгээр дүрслэхэд оршдог аж.

Улсын Хүүхэлдэйн театр хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, өсвөр үеийнхний сэтгэлзүйд нийцсэн хэлбэрээр мансууруулах бодисын хор уршиг, сөрөг үр дагавруудын талаарх мэдлэг боловсрол, ойлголтыг өгөх зорилгоор уг бүтээлээ туурвисан байна. 

Монгол улсад 2019 онд явуулсан судалгаагаар 15-17 насны сурагчдын мансууруулах бодисын хэрэглээний түвшин 3.5% байсан бол 2021 онд энэ үзүүлэлт 5.2%-д хүрч өсжээ. Мансууруулах бодисын хор уршгийн талаарх мэдлэг дутмаг, соён гэгээрэл хангалтгүй байгаагаас шалтгаалан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй иргэдийн нас улам залуужиж буй нь нэн харамсалтай гэдгийг уран бүтээлчид онцлов. 

"Пөөдөө" уран сайхны кино нь дөрвөн жилийн турш хийгджээ

"Пөөдөө" уран сайхны кино нь дөрвөн жилийн турш хийгдсэн бөгөөд ширхэг бүрийг нь хүний гар ажиллагаагаар бүтээж, хийсэн байна. 

Түүнчлэн Хүүхэлдэй нь театр нь цаашид Пөөдөө тэргүүтэй үндэсний баатруудыг туурвих ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж. 

Улсын Хүүхэлдэйн Театр нь Монгол Улсад хүүхэлдэйн урлагийн мэргэжлийн цорын ганц театр бөгөөд 1948 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар өнөөдөр 77 жилийн түүхэн замналтай, хүүхэд багачуудад зориулсан үндэсний болон дэлхийн сонгодог уран бүтээлүүдийг туурвиж соёл, урлагийн боловсролыг түгээн дэлгэрүүлж буй байгууллага юм.

Киноны товч агуулга: 
Сарлагийн бяцхан тугал Пөөдөө, найз унага Тоодоогийн хамтаар нутаг орныг нь цөлмөн дээрэмдэж аав ээжийг нь харьд боолчлон цөлсөн их луусан цэргийн эсрэг сөрөн зогсох хэрэгтэй болно.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав