ОБЕГ: Энэ амралтын өдрүүдэд малаа бүү бэлчээгээрэй. 18-34 м/с хүрч салхилах тул ой, хээрийн түймэр гарвал дийлдэхгүй. Маш их хохирол амсана

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамран онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдах талаар цаг уурын байгууллага болон Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас сэрэмжлүүлээд байгаа юм. 

Энэ үеэр цаг агаар өглөөгүүр гайгүй байсан ч өдөр, үдээс хойш тэнгэр харанхуйлж үзэгдэх орчин хязгаарлагддаг тул малд явсан хүн төөрөх тохиолдол олон гардаг байна. 2026 он гарснаар ОБЕГ-т төөрч, сураггүй болсон тухай  46  дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

"18-34 секунд хүртэл салхилах тул ой, хээрийн түймэр гарвал дийлдэхгүй. Маш их хэмжээний хохирол амсана" 

Энэ он гарснаас хойш 53 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Ойрын өдрүүдэд болох 18-34 секунд хүртэл салхилах гамшигт үзэгдлийн үед ой, хээрийн түймэр гарвал дийлдэхгүй. Маш их хэмжээний хохирол амсана гэв. Дорнод, Хэнтий, Сүхбаатарын нутгаар илүү хүчтэй шуурна, зүүн гурван аймагт маш их хэмжээний өвс ургачихсан байгаа гэдгийг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа. 

Иймд малчид, тээвэрчдийг асаасан тамхи болон автомашинаас үүдэн гарах галын эрсдэлд анхааралтай байгаарай гэв. 

Үүнтэй адил 2021 оны гамшигт үзэгдлийн үеэр 10 хүн амь насаа алдсан байдаг аж. Тухайн үед сэрэмжлүүлгийг хүргэсээр байсан ч маш их хохирол гарч байжээ. Тухайлбал 10 аймгийн 34 суманд цахилгаан эрчим хүч тасарч 14,000 орчим мал хорогдож, 531 гэр, 2,244 хашаа саравч нурсан, 283 байшингийн дээвэр хууларсан байна. 

Малчид, мал бүхий иргэд малаа ойрхон бэлчээж, 17-19-ний өдрүүдэд болох гамшигт үзэгдлийн үеэр малаа гаргахгүй байхыг анхаарууллаа. Малаа бэлчээчхээд араас нь хөөцөлдөж явж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол олон гардаг аж. 

Иймд гэрээ бэхэлж дараарай. Шороо болон цасан шуурганы улмаас олон замууд хаагдах учир онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байгаарай. Гарсан тохиолдолд баталгаагүй замаар бүү яваарай. Цасанд сууж төөрвөл ОБЕГ-ын хүч хүрэлцэхгүй байх эрсдэлтэй. Автомашинаа цахилгааны шон, рекламын самбарын ойролцоо бүү байршуулаарай. Отор нүүдлээ гамшигт үзэгдэл дуустал түр зогсоогоорой гэв.