“Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ амралтын өдрүүдэд Монголд ирэхээр болжээ. “Оюу Толгой” ХХК энэ сард 1 сая дахь тонн баяжмалаа үйлдвэрлэж, экспортолсон бөгөөд үүнийг тохиолдуулан “Оюу Толгой” компанийн ажилчдад баяр хүргэхээр ирж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр бямба гаригт ирээд ням гаригт буцах аж.
Сэм Уолш Монголын төр, засгийн удирдлагуудтай албан ёсоор уулзалт хийх талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард түүнийг Монголд ирж, Засгийн газартай “Санамж бичиг”-т гарын үсэг зурах талаар яригдаж байсан ч Засгийн газартай тохиролцож чадаагүйн улмаас цуцлагдаж байсан юм.
Дашрамд дурдахад “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ ТЭЗҮ-ийн шинэчилсэн хувилбарыг хүлээн авч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлэхээр мэдэгдээд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!