Улаанбурхан болон томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байгаа тул сэрэмжтэй байхыг зөвлөлөө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 479 болоод буйг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ.
Батлагдсан тохиолдлуудас 302 нь бүрэн эдгэрч, 166 нь эмнэлэгт, 11 нь гэрээр эмчлүүлж байна.
Түүнчлэн улаанбурхан өвчний дотоодын халдвар нэмэгдэх хандлагатай байгааг мэдээллийн хурлын үеэрээ ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Үүний зэрэгцээ томуу, томуу төст өвчний халдвар ч идэвхтэй хэвээр байгааг дурдаад амны хаалт зүүх, хоолойгоо уусмалаар зайлах зэрэг халдвар хамгааллын дэглэм баримтлахыг зөвлөсөн юм.
Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн тусламж үйлчилгээний 6.1%-ийг эзэлж байна. Өвчтөнүүдийн 77.6% нь 15 хүртэлх, үүний 45.8% нь тав хүртэлх насныхан байна.
Өнгөрсөн долоо хоногт амбулаториор үйлчлүүлсэн иргэдээс сорьц авч, лабораторид суурилсан тандалт хийхэд риновирус давамгайлан илэрчээ.
Уг вирусийн халдварын үед
- Хоолой өвдөх, сэрвэгнэх, хамар хуурайших, найтаалгах зэрэг шинж тэмдгээр эхлэх ба
- Найтаах, нусгайрах, хамар шархирах, толгой өвдөх, амтлах, үнэрлэх мэдрэмж түр хугацаанд алдагдах, хоолой сөөх, ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдгүүд үүсдэг.
- Нярай болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд 38-39°С хэм хүртэл халуурах ба насанд хүрэгчдэд халуурах шинж тэмдэг илрэхгүй байж болох нусгайрах шинж тэмдэг давамгайлан илэрнэ.
- Чихний үрэвсэл, синусит, архаг бронхит болж хүндэрдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
