Б.Бат-Эрдэнэ: Цахим мөрийтэй тоглоомыг хуулиар хориглосноор хар зах зээл хөгжих процесс руу орчих вий дээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу цахим мөрийтэй тоглоомыг хязгаарлах асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Мөрийтэй тоглоомын хор хохиролтой холбоотой асуудлыг нь ойлгож байна. Аливаа зүйл зохицуулалтай байснаар шийдвэрлэгддэг. Хуулиар хориглочихвол донтолт алга болно гэсэн зүйл байхгүй. Жишээлбэл архины хэрэглээ. Архи хориглосноор уух хүний тоо багасдаггүй. Шөнийн цэнгээний клубийг хааснаар ахуйн хэрэглээний архидалт бий болж хүчирхийлэл ихэсдэг. 

Тэгэхээр хааж боохоос илүүтэй тодорхой хэмжээний зохицуулалт хийх боломжгүй байсан уу. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад "Арабын Нэгдсэн Эмират, Хонконг зэрэг улсуудад бүртгэлтэй хуулийн этгээдээр дамжуулан Монгол Улсад бүртгэлтэй нэр бүхий аж ахуй нэгжтэй 6,000-77,000 доллар хүртэлх гэрээ байгуулж спортын бооцоот тоглоомын 1XBET-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 3,345,468,075 төгрөг буюу 976,779 ам.доллар шилжүүлсэн. Гэвч манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар агентуудаар дамжин гадагш гарсан" гэж танилцуулга дээр байна. 

Мөрийтэй тоглоомын зохицуулалтыг хааж, боох хэлбэрт оруулчихвал хууль бус мөрийтэй тоглоомын оролцоо нэмэгдэнэ. Магадгүй гадаад руу гарч мөрийтэй тоглох хэлбэр ихэснэ. Төрийн хяналт хатуу, чанга байх ёстой. Тиймээс хаахыг нь хаагаад, зохицуулж болохыг нь зохицуулах боломж байна уу. 

Зөвшөөрөл авсан гурван аж ахуйн нэгж гурван тэрбум төгрөгийн татвар төлөөгүй гэсэн. Ямар аж ахуйн нэгж нь гурван тэрбум төгрөгийн татвар төлөхгүй явж болоод байгаа вэ. Цагдаагийн байгууллагынхан өөрсдөө үүнд оролцсон гэх мэдээлэл яваад байгаа. Төрийн хяналт сайжрах түвшинд нарийн зохицуулалт орж, хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнууд оролцохгүй байх нөхцөл үүсэж чадах уу" гэв. 

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Зөвшөөрлийн тухай хуулиар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хууль зүйн сайд өгдөг. Агуулгаараа манай улс бооцоот тоглоомыг зөвшөөрсөн гэсэн үг. Бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулж байна гээд цахим мөрийтэй тоглоомын хэв шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг. Нэг аппликэйшн дээр цахим мөрийтэй тоглоомд зуучлахын тулд 110 агент байгуулаад 2-5 хувийн шимтгэл авдаг. 

Гадагшаа гарсан 500 сая ам.доллар гэдэг бол бүртгэлтэй гарч буй арилжааны банкаар дамжсан урсгал. Бүртгэлгүй буюу крипто валютаар гарч буй тоог хэн ч мэдэхгүй. 1XBET гэх газар манай улсын спортын багуудыг дэмжээд байна гэдэг боловч 3.3 тэрбум төгрөгийг зар сурталчилгаа, ивээн тэтгэлт байдлаар оруулж ирсэн. 2024 онд Монгол Улсад эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1.7 их наяд төгрөг гараад явчихсан байхад төр нь юу ч хийхгүй, чөлөөтэй байх ёстой гээд хаяж болохгүй. 

Тоглож буй хүний асуудал гээд хаяж болохгүй юм байна. Энэ нь инфляцад нөлөөлж байгаа. Тиймээс асуудлыг хуулиар зохицуулж чадвал 65 хувиар бууруулна гэдэг үндэслэлээр өөрчлөлт оруулж байна" хэмээн хариулав.

Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Та бүгд албан ёсны бүртгэлтэйг нь мэдээд байна. Албан ёсны бүртгэлгүй хэд байгаа вэ гэдгийг мэдэхгүй. Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар бүртгэлтэй хэсэг нь хумигдаад бүртгэлгүй нь нэмэгдэх юм биш үү. Ингэснээр хар зах зээл илүү хөгжих процесс руу орчих вий дээ" хэмээн нэмж ярив.

видео: