Трампын зарласан худалдааны дайны хариуд Хятадын засгийн газар өчигдөр АНУ-ын бүх бараа бүтээгдэхүүнд 34 хувийн импортын татвар оноож, чухал ашигт малтмалын нийлүүлэлтээ хязгаарлаж, Америкийн компаниудыг хар жагсаалтад нэмсэн байна.
Мөн Трампын засаг захиргааг “олон улсын худалдааны дэг журмыг зөрчлөө” хэмээн шүүмжилжээ.
Лхагва гарагт ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн бараг бүх улсын АНУ-д нийлүүлдэг бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноох шийдвэрээ зарласан юм.
Үүнийгээ тэр Америкийн бараа бүтээгдэхүүнд оноосон татварынх нь “хариу татвар” гэж тайлбарлаж байгаа.
Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлд сүүлийн таван жилийн хугацааны хамгийн огцом уналт бий болсон билээ. Тэгвэл Баасан гарагт энэ уналт улам гүнзгийрчээ.
Өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол гурван индекс тус бүр 5-аас дээш хувиар унаж, 2020 оноос хойших хамгийн муу долоо хоногийг хаасан байна.
Их Британид FTSE 100 индекс мөн тав орчим хувиар унаж, Ази, Герман, Францын гол индексүүд ойролцоо түвшинд унажээ.
Гэсэн хэдий ч Трамп өчигдөр “Хүчтэй байгаарай. Бид алдахгүй” гэж сошиал хуудасны дагагчдадаа хандан бичсэн байна.
Трампын худалдааны дайны нөлөө түрүүчээсээ Бямба гарагт мэдрэгдэж эхэлнэ гэж шинжээчид үзэж байгаа. Америкчуудын зарим хэсэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нөөцөлж эхэлсэн байна.
JP Morgan банк энэ онд дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэх магадлалыг 40 хувиас 60 хувь болгон өсгөж, АНУ-ын эдийн засгийн өсөлтийг 2 нэгж хувиар буурах тооцоог зарлажээ.
АНУ-ын холбооны нөөцийн банкны захирал Жером Повел өчигдөр үг хэлэхдээ Америкийн эдийн засаг яг өнөөдөр хүчтэй хэвээр байгааг баталсан ч Трампын авсан арга хэмжээний улмаас өсөлт удааширч, инфляц өсөх эрсдэлтэйг анхааруулсан байна.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн төлөв байдлыг дурдвал:
Трампын холбоотнууд хүртэл түүний авсан арга хэмжээг шүүмжилж эхэлсэн байна.
Бүгд Найрамдах Намаас сонгогдсон Техасын сенатор Тэд Круз “Хэрвээ Америкийн өндөр татвар, бусад улсуудын Америкийн бараанд оноох өндөр татвар цаашдаа 30 хоног, 60 хоног, 90 хоног үргэлжилбэл аймшигтай үр дагаварт хүрэх болно” гэж нэгэн подкаст ярилцлагын үеэр хэлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
96 СЭТГЭГДЭЛТЭЙ
|