Дэд ерөнхийлөгч Вэнсийн айлчлалын дараа Гринланд дахь АНУ-ын цэргийн баазын командлагчийг халжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс дэлхийн хамгийн том арал гэгддэг Дани улсын газар нутаг Гринландад хөл тавьсан билээ.

Ингэхдээ тэр тус арал дээр оршдог АНУ-ын цорын ганц цэргийн баазад зочилсон юм.

Энэ үеэр Вэнс тус арлын аюулгүй байдлыг хангах хангалттай арга хэмжээ авахгүй байгаа Дани улсын засгийн газрыг шүүмжилж байв.

Тэгвэл өчигдөр Гринланд арал дээр оршдог АНУ-ын Питуффик агаарын баазын командлагч Сюзанна Мэйерс ажлаасаа халагдсаныг Пентагон мэдээлжээ.

Дани улсыг шүүмжилсэн Вэнсийн байр суурь “баазынх нь үйл ажиллагаанд хамаагүй” талаар Мэйерс алба хаагчдадаа бичсэн цахим захидалдаа дурдсан нь ингэх шалтгаан болсон байна.

Вэнсийн айлчлалын дараа тэр “Би одоогийн улс төрийг сайн ойлгохгүй байгаа ч Баасан гарагт дэд ерөнхийлөгч Вэнсийн ярьсан зүйл нь манай Питуффик баазтай хамаагүй юм” гэж хурандаа Мэйерс захидалдаа бичсэн байжээ.

Нэг үгээр хэлбэл тэр Вэнсийн байр суурийг өөрөөсөө зайлуулж, “зай барьсан” байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл “Зэвсэгт хүчний удирдлагын зарчмыг алдагдуулсан, ерөнхийлөгч Трампын мөрийн хөтөлбөрийн эсрэг аливаа үйлдлийг Батлан Хамгаалах Яам хүлээн зөвшөөрөхгүй” гэж шийдвэрийг тайлбарлажээ.

Хурандаа Мэйерс өнгөрсөн оны долдугаар сараас Питуффик баазын командлагчаар ажиллаж эхэлсэн юм байна. Түүний оронд Аляска дахь цэргийн баазын командлагчаар ажиллаж байсан хурандаа Шон Ли томилогджээ.

Вэнс айлчлалынхаа үеэр Гринланд арлыг АНУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх Трампын сонирхлыг илэрхийлж байлаа.

Гэхдээ Вэнсийн айлчлалын дараа Гринланд арал болон Дани улсын эрх баригчид улам нэгдэн нягтарч, АНУ-ын бүрэлдэхүүнд орохын эсрэг байгаагаа мэдэгдэж байв.

Энэ сарын эхээр Гринланд аралд айлчилсан Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен тус арлын өөртөө засах захиргааны тэргүүн Йенс Фредерик Нилсентэй байр сууриа нэгтгэсэн юм.

Энэ үеэр тэр АНУ-ын ерөнхийлөгчид шууд хандан “Та бусдын газар нутгийг өөртөө нэгтгэж чадахгүй” гэж хэлжээ.

Фредериксен бас Дани улс Умард туйлын бүс нутагт өөрийн цэргийн хүчийг бэхжүүлж, АНУ-тай эрх тэгш хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Гринланд арал нь Дани улсын харьяанд 300 орчим жил оршиж байгаа.

Арлын 57,000 орчим оршин суугчдын дийлэнх нь Дани улсаас тусгаар тогтнох хүсэлтэйгээ илэрхийлдэг бол АНУ-д нэгдэхийг эсэргүүцдэг.

Гринландын оршин суугчид 2009 оны хуулиар тусгаар тогтнолын санал хураалт зохион байгуулах эрхтэй болсон. Гэхдээ ийм шийдвэр гаргахад Дани улсаас эдийн засгийн хараат байдал нь саад болдог.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг