Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 5,569 ам.метр талбайд Туул усан цогцолборыг 2025-2032 онд барихаар төлөвлөжээ. Усан санг гадаадын 200-300 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр барих юм байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэд газрын гүний усыг 100 хувь хэрэглэдэг буюу хоногт 185-225 мянган метр.куб цэвэр ус хэрэглэдэг.
2040 он гэхэд хотын усны хэрэглээ хоногт 772,450 метр.куб болж өснө. Тиймээс Туул, Тэрэлж гол дээр урсац тохируулгын далан байгуулж, Туул усан цогцолборыг барьснаар гадаргын усыг ашиглах боломж бүрдэх аж.
Урьдчилсан байдлаар боомтын хөндлүүрийн 3-4 хувилбарыг сонгожээ.
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсийн гүн 19.84 метр байхаар ТЭЗҮ-д тусгасан байна.
Уг усан цогцолборыг нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, ундны усны найдвартай эх үүсвэртэй болгох, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!