Өнгөрсөн онд астрономичдын анх илрүүлсэн 2024 YR4 нэртэй аварга том астероидыг хэдэн жилийн дараа дэлхийд аюул учруулж болзошгүй талаар сүүлийн үед ярих болсон.
Тухайлбал энэхүү сансрын биет 2032 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр дэлхий дээр унах магадлалыг 3.1 хувь гэж тооцоолсноо эрдэмтэд хоёрдугаар сард зарлаж байв.
Хугацааны уртад энэ магадлал өсөх, эсвэл багасах боломжтой юм.
Тэгвэл саяхан James Webb Space Telescope сансрын дурангаас авсан мэдээлэл дээр тооцоолоод уг биет нь дэлхийгээс илүү саран дээр унах магадлалтай болсныг НАСА өчигдөр мэдээлжээ.
Тухайлбал саран дээр унах магадлалыг нь 3.8 хувь гэж тооцоолсон байна.
Европын Сансрын Агентлагийн тэргүүн Ричард Моиссл өөрийнх нь судлаачид бас 4 орчим хувийн магадлалтайг тооцоолж гаргаснаа мэдээлжээ.
2024 YR4 астероидын хэмжээг өмнө нь 40-90 метр орчим гэж үзэж байсан бол сүүлийн тооцооллоор 53-67 метр буюу 15 давхар барилгын хэмжээтэй гэж дүгнэсэн байна.
50-аас дээш метрийн өргөнтэй аливаа сансрын биетийг дэлхийд аюул учруулах боломжтой гэж НАСА үздэг.
Дээрх астероид нь уг стандартад хангалттай нийцэж байгаа юм.
Одоо НАСА болон бусад сансрын байгууллагууд дэлхийг болзошгүй аюулаас хамгаалах арга техникийг судалж байгаа.
2022 онд НАСА сансрын уудамд аялж яваа өөр нэг жижиг астероидыг DART нэртэй хөлгөөр мөргөж, чиглэлийг нь өөрчлөх туршилтыг амжилттай гүйцэтгэсэн юм.
2024 YR4 астероид үнэхээр саран дээр унавал энэ нь дэлхийг сансрын биетээс хамгаалах боломжийг судалж байгаа эрдэмтдийн хувьд маш чухал туршлага болох гэнэ.
Их Британийн Кентийн Их сургуулийн астрономич Марк Берчел энэ үйл явдлыг “маш том туршилт, төгс боломж” гэж дүгнэснийг “New Scientist” сэтгүүл мэдээлжээ.
2024 YR4 астероид нь James Webb Space Telescope дурангийн ашиглалтад орсноосоо хойш ажигласан хамгийн жижиг сансрын биет юм байна.
Ирэх сард телескоп уг астероидыг хоёр дахь удаагаа ажиглах бөгөөд энэ үеэр илүү их мэдээлэл авах боломжтой ажээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
|