2014 оны 2 сарын 7
Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр"-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 2, Дорноговь аймгийн 1 суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Сумын төвийн айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, бохир, дулаанд холбогдсон орчин үеийн тохилог суурин байгуулах “Сумын төвийн шинэчлэл” төслийн ажлын явцын талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ.
Чухам аль сумыг сонгож шинэчлэх талаарх саналыг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ынгишүүд, аймаг, сумдын Засаг дарга нараас авсан ба БХБЯ-ны зүгээс тавьсан шаардлага, нөхцлүүд хангаж буй 16 сумыг сонгожээ. Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, цаашдын чиг хандлага, хүн амын тоо, байршлын хувьд бусад сумаас үйлчилгээ хүргэх боломжтой байх, ойрын таван жилд гадаад дотоодын төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байх гэсэн үндсэн шаардлагыг БХБЯ-наас тавьжээ.