Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хоёрдогч түүхий эд авдаг 30 гаруй цэгийг нүүлгэн шилжүүлэхээр боллоо.
Хоёрдогч түүхий эд авдаг цэгүүд нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хотын өнгө үзэмж, тохижилт зэрэгт сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж байгаа юм.
Түүнчлэн түүхий эд бэлтгэн нийлүүлдэг хүмүүс ихэвчлэн орон гэргүй тэнэмэл иргэд байдаг бөгөөд тэд цэгүүдийн ойролцоо хоноглож, иргэд, хүүхэд багачуудыг айлгах зэргээр гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж байна. Дүүргийн иргэд дээрх цэгүүдийг нүүлгэн шилжүүлж өгөх хүсэлтийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа тавьж байжээ.
Тиймээс цэгүүдийг тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна. Нүүлгэн шилжүүлэх ажил гуравдугаар сарын 1-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Баянгол дүүргийн Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сүрэнхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Түүхий эд авдаг цэгүүдийг яагаад нүүлгэх болов?
-Манай дүүрэг энэ онд архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэргийг 10 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Зөвшөөрөлгүй гараж, байгууламжийг буулгах мөн тэнэмэл иргэдээ нэг газар төвлөрүүлж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажил хийхээр төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөөний дагуу хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон.
-Нэг дор төвлөрснөөр түүхий эд цуглуулж хоолоо олж иддэг иргэдийн орлогод сөргөөр нөлөөлөх юм биш үү?
-Судалгааг өнгөрсөн жилээс эхлэн хийсэн. Орон сууцны дунд ийм цэг байх нь иргэдийн эрүүл аж төрөх амгалан тайван амьдрах цаашлаад хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа юм. Гэхдээ бид энэ иргэдээ ажилгүй болгоод орхиж байгаа юм биш. Тодорхой хэмжээний газар зааж өгч, тэнд тохижилт хийж ажлын байрыг нь сайжруулж байгаа юм.
-Хоёрдогч түүхий эд авдаг иргэд та бүхний саналыг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
Худалдаа үйлчилгээнийхээ дүрэм, иргэдийн санал гомдлын дагуу бид үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тиймээс тэдний зүгээс эсэргүүцэх зүйлгүй гэж бодож байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэд болон захиралуудтай энэ сарын 10-нд уулзах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!