“Чойжин лам”-ын музейд Арга эвийн бурхад залардаг гэсэн яриа бий.
Мөн эл сүмийн эргэн тойронд Бурхан багшаас хойш Майдар бурхан залрах хүртэл дэлхий ертөнц дээр ээлжлэн төрж, Бурхан багшийн сургаалийг биелүүлэх ам тангарагтай 16 шавийнх нь дүр бүтээгдсэн ба дээрх зан чанарын илэрхийлэл болж ууртай, тайван, харамч, уйтгартай, залхуу, энэрэнгүй, зальтай, ажилсаг, хөгжилтэй, бялдууч, сайхан сэтгэлтэй гээд мөн тооны бурхны амирлангуй дүрийг залсан байдаг юм.
Түүнчлэн ном сударт “Чойжин лам”-ын музейг байгуулсан түүхийг гайхалтайгаар тэмдэглэн үлдээсэн байдаг.
Түүнээс товчхон сийрүүлбэл, VII Богд хааны төрсөн дүү Лувсанхайдав Чойжин лам нэрээрээ олонд танигдсан бөгөөд 1908 онд улааны шашны дээрх сүмээ өөрийнхөө нэрээр байгуулсан ажээ. Энэ сүмд 1936 оныг хүртэл лам нар ном хурж байгаад их хэлмэгдүүлэлтийн он жилүүд буюу 1938 онд хаалгаа барьж улмаар 1942 оноос музейн зориулалтаар ашиглаж эхэлсэн гэдэг.
Харамсалтай нь эл зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж байсан “Чойжин лам”-ын музейн газрыг “Чоно” групп мэдэлдээ аваад байгаа дуулиан сүүлийн жилүүдэд дэгдэж олон хүний сэтгэлийг сэртхийлгээд байсан.
Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт “Чойжин лам”-ын сүм музейн удирдлагуудын нэхэмжлэлтэй “Чоно” группт холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ.
Хэргийг хэлэлцэх явцад “Чоно” групп хууль зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрсөн аж. Тиймээс шүүхээс тус группийг газрыг чөлөөлж өгөх асуудлыг музейн удирдлагуудтай ярилцаж, шийд гэсэн үүргийг “Чоно”-ын удирдлагуудад өгч. Ингэснээр тус музей “Чоно”-ын аманд бус харин сүсэгтэн олныхоо мэдэлд үлдэхээр боллоо.
Дашрамд мэдээлэхэд “Чойжин лам"-ын музейд амьдралаа холбож байгаа залуу хосууд очиж хойшдын амьдрал хувь заяагаа даатгадаг бөгөөд арга эвийн бурхад нь амар тайван амьдрал аз жаргалыг бэлгэдэх, айл гэрт инээд хөөр, эв нэгдлийг бэлэглэх увдистай гэдэг юм билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!