Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

УЛС ТӨРИЙН АМЬТАН

ikon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

"Хөгжлийн тухай диалог" буюу өчигдөр нээлтээ хийсэн номоос дараах өгүүллийг бид зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр бүрэн эхээр нь хүргэж байна. 


Улс төрийн амьтан

1960-аад оны АНУ-ын улс төрийн түүх өдгөө ч олон зүйл дээр анхны гэх шан татсан үйл явдлуудаар баялаг байдаг. Дэлхийн хоёр дайныг туулж, үндэстнүүдийн бие биедээ үл итгэлцэх нөхцөл туйлдаа хүрсэн үед шинэ манлайлал, улс төрийн шинэ соёл шаардлагатай байлаа. 

Үнс нурманд дарагдаж, жам ёсны эрхийн тухай онолууд амьдрал дээр хөсөр хаягдсан дээрх жилүүдэд хаа сайгүй уугисан дайны саарал утаа, өнгө будаг гундуухан төрх олон улсын нийтлэг зураглал болж байсан юм. 

“Улс төр” гэдгийг угаас эрх мэдлийн төлөөх тэмцэл, хүчтэй нь хүчгүйдээ бодлогоо тулгадаг талбар гэж ойлгосон уламжлалт ойлголтыг цоо шинэ үнэлэмж, сэтгэмж, итгэл найдварын талбар болгох ажил дайны дараах дэлхийн дэг жаягийг бүтээх шинэ хэрэгцээ байлаа. 

Халуун дайныг залгасан хүйтэн дайны нөхцөлд энхтайвны романтизм юу юунаас илүү хэрэгтэй байсан логикийг мэдэрч тухайн үеийн голлох удирдагчдаас цоо шинэ ур чадвар шаардсан нь “Үзэл санааны манлайлал” байв.  “Би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуу” (Ask what you can do for your country?) хэмээх Кеннедигийн алдарт ишлэл яг тэр цаг үед цагаа олсон асуулт байсан юм. Чухам энэ асуулт л шинэ үеийн дэлхийн дэг журамд жинхэнэ манлайлагчийн бодит шалгуурыг тогтооход нэг шат ахиулсан.

Улс төрийг зөвхөн өөртөө эрх мэдэл, эд баялаг хуримтлуулахын төлөө, өөрийгөө дархан эрх, бусдаас илүү боломжоор хуяглахын төлөө хийвэл тэр хэн ч биш хоцорно. Харин бусдын сайн сайхны төлөө, олон нийтэд шинэ боломж авчирч тэдний амьдралд эерэг өөрчлөлт бүтээхийн төлөө явцуу эрх ашигт үл автан хийж чадваас “Жинхэнэ төрийн зүтгэлтэн” болно гэдгийг дээрх “Асуулт” нэхсэн юм. 

Бусдаас боломжийг хулгайлах бус бусдад боломжийг тэгш олгох, хүний эрхийг зөрчих гэж биш хүмүүсийн эрх чөлөөг илүү баталгаажуулах гэж нийтийн төлөөх зүтгэл оршиж, түүний аргачлалыг улс төрийн урлаг тодорхойлдог. Харин улс төрөөс хамааран нийгэм эдийн засагт буруу бодлого тодорхойлогдож хямралын шинж тэмдэг бий болохыг барууны институцийн (Institutional) онол тайлбарладаг. Манайд энэ шинж тэмдэг бий болж байна. Улс төрийн хямралын уг үндсийг хайвал түүний гол тоглогчид болох хүмүүстэй холбогддог. Улс төрд байр суурь эзэлж буй, алба тушаал хааж буй, тодорхой нөхцөлд эрх мэдлийг хэрэгжүүлж буй нөхдүүдийг үндсэн гурван төрөлд хувааж ойлгож болно. 

Нэг. Төрийн зүтгэлтэн (statesman)

Тэд бол бүх цаг үеийн туршид маш цөөхөн тодорч түүхэнд мөрөө үлдээдэг. Тэд улс төрийн, нийгмийн, түүхийн, сэтгэлгээний өвийг (legacy) бүтээдэг. Товчхондоо бол тэд “Өв бүтээгчид” (legacy maker). Алдаа оноо, амжилт бүтээлийн аль алиныг нь туулдаг ч үндэстний хэмжээнд хөгжлийн ч, сэтгэлгээний ч, засаглалын ч, шинэ ололтыг, шинэ зарчмуудыг, шинэ хандлагыг өөрийн удирдлагын арга барилаараа, үзэл хандлагаараа цогцлоогчид юм. 

Төрийн зүтгэлтнүүд ял шальгүй алдар гавъяа, мөнгөөр хэмжигдэх эрх ашигт хүлэгддэггүй. Эрх мэдэлд хүрсэн үедээ тэд улам л ард түмний төлөө, хүнээс үл хамаарах ухаалаг төрийн тогтолцоог бүтээх гэж эрмэлздэг. Тэд өөрөөрөө бүхнийг хэмждэггүй, хойч үе, түүхийн өмнө, үндэстнийхээ ирээдүйн өмнө тод томруун хариуцлага хүлээгч гэдгээ гүн гүнзгий ухамсарладаг. Тэд өөрийн ард түмэн төдийгүй хүн төрөлхтөнд итгэл найдварын төсөөллийг бий болгогчид байдаг. 

“Тариан түрүү боловсрох тусмаа бөхийхийн” үлгэрээр төрийн зүтгэлтнүүд зөвхөн улс төрөөс гардаггүй. Улс төрийн ямар ч алба хашаагүй хэрнээ ард түмний нэгэн үеийн дуу хоолойг төлөөлөх тийм хүмүүсийг түүх төрүүлж, эргээд тэд нь түүхээ бүтээж байдаг. Өнгө мөнгө биш, үзэл санаа, харизма тэднийг бий болгодог.

Төрийн зүтгэлтнүүд олныхоо төлөө ажилладаг, хүмүүсийг араасаа дагуулж тэдний нийтлэг зорилго, хүсэл эрмэлзлэлийг гүйцэлдүүлэхийн төлөө шинийг санаачилдаг, түүнийгээ ямар нэг аргаар гүйцэлдүүлдэг жинхэнэ манлайлагч нар байдаг. Манлайлагч гэдгийг менежментийн онолд ихэнхи судлаачид “хамт олон, баг бүлэг, байгууллагын зорилгыг биелүүлэхийн төлөө шинийг санаачилж бусдад нөлөөлж, үлгэрлэл нь, жишиг нь, бахархал нь болж, цаг тутам гайхам амжилтанд хүрдэг хүн” гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр “бусдын төлөө онцгой чадвартай хүнийг төрийн зүтгэлтэн” хэмээн хураангуйлан тодорхойлж болохоор байна.

Хоёр. Улс төрч (politician)

Хүний түүхэнд улс төрчид мянга мянгаараа төрдөг. Тэд төрийн болоод нийгмийн сургаальд онолын шинэ хуудсыг бүтээгчид биш. Тэд өв бүтээдэггүй, харин бусдын бүтээсэн өвийг шинэчлэх, үргэлжлүүлэх, төрийн албыг залгуулах хэмжээнд л бэлтгэгддэг. Тэд мянга мянгаараа сайд, парламентын гишүүд болдог ч хувь хүний хөгжил, багийн амжилтын түүхэнд л зарим ахиц авчирдаг. 
Тэд ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхгүй мөртлөө хүчирхэг багийн дэмжлэгээр эрх мэдэлд хүрч, системийн дотор хэрхэн тоглохоо мэдсэн хангалттай туршлагыг хуримтлуулсан байдаг. “Улс төрчид” сараар, жилээр, хэдэн сонгуулийн туршид эрх мэдлийг хадгалдаг ч үндэстний хэмжээний сэргэн мандалтын түүхийг бичигчид болж чаддаггүй. 

“Улс төрчид” харгалдагч талуудын (намуудын) аль нэг хэсгээс товойн гараад голдуу түүнийхээ хүрээнд л нөлөөллөө хадгалдаг. Бас “Эрх мэдлийн мөн чанарыг түүнийг хэрхэн хадгалахаас шалтгаална” гэж итгэдэг. Бололцооны улс төрчид хууль ёсыг сахимтгай ч хуулийн жинхэнэ философийг гүнзгийлэн судлахыг хичээдэггүй. Тэр хэрээр худал хуурмаг, амлалт, олон нийтийн санаа бодлыг өөртөө татах гэсэн хиймэл гүүрэн дээгүүр аль болох хол алхахыг хичээдэг. 

Нөгөө талаас “бололцооны” улс төрчид нийтлэг эрх ашгийн төлөө бодлого боловсруулахыг хичээж, түүгээрээ хоорондоо өрсөлдөж, олон хүнийг араасаа дагуулж, дэмжүүлж  байдаг. Тэд иргэдэд “бодлого” гэдэг бүтээгдэхүүнийг байнга санал болгож түүнийгээ тасралтгүй хэрэгжүүлэх учиртай. “Хэний зүрх олны төлөө цохилж байна, тэр үнэхээр агуу” гэж Ромен Ролланы хэлсэн агуулга энэ төрлийн улс төрчидөд дутагддаг.

Гурав. Улс төрийн амьтан. (Political animal)

Улс төрийн амьтан бол маш аюултай, харгис чанартай. Юуг ч золиослоод болтугай эрх мэдэлд хүрэхийг эрмэлзэгчид. Хүн чанар, ёс зүй, шударга байдал гэдгийг зөвхөн өөрийнхөө эрх ашгаар л хэмждэг. Тэд эрх мэдэлд хүрэмтгий байдаг. Учир нь тэд маш уйгагүй, асар олон заль мэхийг хослуулан хүсэлдээ хүрэх чадвартай. 

Сайн хүмүүсийн идэвхигүй байдлыг ашиглан, саар үйлтнүүд төрийн бодлого тодорхойлох, шийдвэр гарах түвшинд хүч түрэн гарч ирэх нь “Улс төрийн амьтан” бойжих үндэс болдог. Улс төрийн амьтнууд эрх мэдэлд хүрсэн л бол түүнээсээ үхэн хатан зууралддаг. Тэд эрх мэдэлд хүрсэн даруйдаа хувийн эрхээ хуяглан бататгах, хамаатан садан, ойр дотныхондоо баялгийг сорох ажлыг эхлүүлдэг. 

Хууль ёсоор халхавчилсан хамгийн өөдгүй дээрмүүдийг тэд гарамгай хийдэг. Тэд “Өөрийн талын” гэж явцуу хүрээнд итгэлцсэн хүмүүсийг мэргэжил боловсрол харгалзахгүй тушаал дэвшүүлэн эрх мэдэл бүхий байрлалуудыг эзлэх тактикаа чадамгай хэрэгжүүлдэг. 

Улс төрийн амьтан өөрийн эрх мэдэл, давуу талаа ашиглан улс төрийн болон бизнесийн өрсөлдөгчөө намнах үе шаттай уран мэхүүдийг боловсруулдаг. Улс төрийн амьтад ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй. Олон нийтийн санаа бодлыг тэд удирдан чиглүүлэхийг эрмэлздэг. Бас тухлаг (вакум) орчинд дасамтгай ба өөрийг нь шүтэн биширсэн хөгжөөн дэмжигчдийн хүрээллийг ямагт өргөтгөхийг хичээдэг. 

Улс төрийн амьтад шүүмжлэлд эмзэг, бодит байдалтай үл эвлэрэх агаад түүнийг өөрийн зоргоор өөрчлөхийг урьтал болгодог. Улс төрийн амьтад эрх мэдэлд байх үед түүний өөрийнх нь нөлөөллөөр хэврэг түүхүүд бичигддэг ч үнэний шалгуурыг давж чаддаггүй. Улс төрийн амьтан бусдад, олон нийтэд гэгээлэг ирээдүй, өөдрөг хүсэл тэмүүллийг санал болгодоггүй, заримдаа хэт гэмээр прагматик хандлага тэднийг мундаг мэтээр харагдуулдаг.

Өнөөдөр бидний эх орон ямар нөхцөлд байгааг уншигч Та сайтар мэдэж байгаа. Бидэнд төрийн зүтгэлтэн байна уу? Бидэнд шударга гэж үнэлэгдсэн ясны улс төрчид хэд байна вэ? Монголын улс төрийн тавцанд улс төрийн амьтнууд хэр олон байна вэ?

Олон нийт, ард иргэдийн бухимдал, шүүмжлэл тэднийг дэмжихээс илүүтэйгээр мэдлэг сул, суурь боловсрол муу, чадвар тааруу, амин хувиа хичээсэн, таалагдах гэж хий хоосон ярьсан, шударга бус, хариуцлагагүй гэсэн тодотголуудыг хийх нь нэмэгдэж байна. 

Шинэ хандлага, шинэ үзэл баримтлал, шинэ алсын хараа, цоо шинэ манлайлал-хамтын ажиллагаа, ойлголцол, эв нэгдэл бидэнд хэрэгтэй. Хуучин машины гадаргууг шинэ будгаар будаад хол явахгүй, моторыг нь солих, ядаж л оныг нь залуужуулж хүчин чадлыг нь нэмэх шаардлагатай. 

ГАРЦ,

Хуучин машиныг эд ангиар нь салгаж (фракц) өөр өөрийн брэндийн сэлбэг шахсанаар машин замын ая даах нь байтугай хөдлөх ч үгүй. Тиймээс зохион байгуулалттайгаар харилцан буулт хийж, цоо шинэ машин бүтээх цаг болсон. Улс төрийн амьтдыг уургалах мэх бол сайн засаглал, сайн хууль, түүнээ мөрдөх сахилга бат, мэдээж ягштал хэрэгждэг дүрэм бөлгөө. 

Сайн засаглалын ямар ч онолд нэгдүгээрт нээлттэй, ил тод байдал, хоёрдугаарт тайлагнах байдал, гуравдугаарт шударга байдал, дөрөвдүгээрт хариуцлагатай байдалыг бүхий л үйл ажиллагаандаа баримтлах олон улсын тэргүүн туршлага бий. Засаглалын харилцаанд оролцогч бүхий л тал өөрсдөө ийм үнэт зүйлийг ойлгодог ухамсарладаг байх нь олон улсын тэргүүн асуудал болоод байна. 

Улс төрийн амьтадыг цөөн байлгах, “бололцооны” улс төрчдийг бойжуулах, цаашилбал төрийн зүтгэлтнүүдийг төрүүлэхэд улс төрд оролцогч хүмүүсээс сайн манлайлалын шинж чанарууд шаардагдаж байна. Манлайлагч хүний шинж чанарууд “төрөлхийн” болон “олдмол” (суумал) байдгийг менежментийн шинжлэх ухаанд генетикийн болон зан байдлын онолууд судалдаг. Төрөлхийн шинж чанар гэдгийг төрөлхийн ухаалаг байдалтай холбож тайлбарлахаас гадна тухайн хүнийг бие хүн болтол бүрэлдэж бий болсон хүн чанар, шударга байдал, ертөнцийг үзэх үзэл, хүнтэй харьцах харилцааны чадвар гэх мэт урт хугацаанд төлөвшдөг зан байдал, эцэг эхийн хүмүүжил, төрж өссөн орчны нөлөөлөлтэй холбоотой шинж чанарууд байдаг гэж судлаачид үздэг. Ийм төрөлхийн шинж чанар нь доголдолтой бие хүнийг өөрчлөнө гэдэг их хугацаа шаардахаас гадна зарим тохиолдолд боломжгүй байдаг. 

“Олдмол” (суумал) шинж чанар бол шинжлэх ухааны суурь мэдлэг, мэргэжлийн чадвар, санхүү, эдийн засаг, улс төр, түүх, соёл, олон улсын харилцааны өргөн мэдлэгүүдийг хамааруулан үздэг байна. Үүнийг олж авч, сурч мэдэж болно. Гэхдээ нэлээн сайн суурь мэдлэгтэй хүн судалгаа хийж, хүмүүстэй зөв харьцаж, сурч мэдэх ажиллагаа шаардлагатай. Үүнийг илүү академик боловсролоор дамжуулан тодорхой хугацаанд олж авдаг. Их эзэн Чингис хаан “Ухаан, эрдэм хоёр эс нийлбээс их үйлийг бүтээж үл чадъюу” гэж тун ч онож хэлсэн байдаг. 
Төрийн зүтгэлтнүүд “төрмөл” байхаас гадна “суумал” (олдмол) мэдлэгийн ухааныг хослуулдаг. Жинхэнэ хүний төлөө хүн байх, онцгой ур чадвартай байх нь ховор юм байна. Тэгэхээр төрийн зүтгэлтнүүд түүхэн шалгуур давж, урт хугацаанд маш цөөнөөр бэлтгэгддэг.

Нэгэнт иймийн тул туршлагатай, мэргэжлийн чадварлаг улс төрчдийг олноор дэмжих зайлшгүй шаардлагатай. Нээлттэй цонхоор хэдгэнэ ялаа орж ирдэг шиг ямар ч нийгэмд улс төрийн амьтад байсаар байна. Тэдний тоог цөөн байлгах нь хамгийн чухал. Сайн засаглал, хууль, хариуцлагын тогтолцоо, улс төрийн намуудын нээлттэй ил тод байдал, тэгш оролцоо л цусны эргэлт мэт тасралтгүй байснаар “амьтдыг” хязгаарлана. 

Төрийн тогтвортой байдлын багана болсон зонхилох намууд хүний нөөцийн бодлогодоо хянамгай хандах хэрэгтэй. Дараагийн хорин жилийн алсыг харж, хор суугаагүй, тэмүүлэлтэй, боловсролтой, зөв туршлагад хатуужих залуусаа дэмжүүштэй.

Урт хугацаанд Монгол хүний “төрөлхийн” болон “олдмол” шинж чанарыг хөгжүүлэхийн тулд боловсролын салбарт онцгой анхаарах шаардлагатай.

“Хаан алдаж болохгүй, Хатан урваж болохгүй, Харц сөхөрч болохгүй” гэсэн өвгөдийнхөө сургаалаар энэ бичвэрээ түр жаргаая.


Өгүүллийг :

  • Сүхбаатарын Эрдэнэболд  @erdenebold   
  • Содномдоржийн Санасэр @ssanaser