Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

"The Beatles"-ийг сонсоод, үсээ тайруулаад, төрсөн хотод нь зочлоод...

Редакцын бус нийтлэл
2025 оны 8 сарын 5
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Социализмын үед НАХЯ, МАХН-ын үзэл суртлын хатуу цензур дор Монголд Beatles нэвтэрсэн түүхийг өдгөө Лондон хотод амьдарч буй зураач Т.Отгонбаяр дурсан бичсэнийг хүргэж байна.



Английн Ливерпүүл хотын нэр сонсогдоход надад бол юуны өмнө алдарт The Beatles хамтлаг санаанд буудаг. Энэ гоё хамтлаг манай үеийнхний шүтээн билээ.

Яг хэзээ анх тэдний уянгалаг, цоглог дуунуудыг анх сонссоноо би сайн санадаггүй ч баримжаа бол байдаг юм. Ямартай ч 1971 онд дуунуудыг нь сонсчихсон, хамтлагийнхны нэр усыг зүс царайтай нь андуурахгүй болчихсон. Пянзных нь хавтасны зургийг нь хуулж зурдаг. Тэр ч бүү хэл, дуу хөгжмийн өчүүхэн ч авьяасгүй атлаа Oh Girl, Let it be, Yesterday зэрэг дууных нь ая данг тогтоочихсон байсан гэж байгаа. Яагаад сайн санаж байна гэхээр манай аавын 50 насны ой 1971 оны намар болж МХЗЭ-ийн Төв Хорооноос “Аккорд” гэдэг пянз тоглуулагч бэлэглэсэн юм.

Энэ тоглуулагчтай болохоосоо өмнө сонсчихсон байсан гэсэн үг. Харин яг хаана сонслоо?

зураг
 

Бодвол Хуягааг дагаж ороод өнөөх бацаан Зоригоогийнд байх. Зоригоо бол Төрийн шагналт нэрт хөгжмийн зохиолч Хангал, хөгжимчин Зундарь нарын хуурай дүү юм гэнэ лээ. Тэд бол орчин үеийн монголын эстрад урлагийн мастерууд, пионерууд юм.

Бид 23-р сургуульд сурч байсан. Би 8б ангид. Манай Хуягаа, Чойжилийн Ганзориг, Байгальсайхан (зураач), Батсайхан нар бол түүнтэй бүр нэг ангид, 8а-д сурч байсан. Өөр айлд, ангийн найз Юндэндоржийн Энхжаргалынд ч бил үү! Аав нь тэр үед Тээврийн Яамны орлогч сайд болчихсон, гадаадад явдаг хүн байсан. Манай Энхжаргалын найз бас Энхээ гэж хүү байсан. Аав нь дипломат, Польшид Элчин сайдын яаманд ажиллаж байгаад томилолт нь дуусаад ирсэн айл байх, Тэднийд ч магадгүй. Энэ Энхээ гэдэг хүү 1970 онд Польшид болсон үймээнийг өөрийн нүдээр харсан, түүнийгээ бидэнд ярьдаг. Түүний ярианаас бусад соц орнууд биднийгээ бодвол хамаагүй эрх чөлөөтэй болохыг ойлгосон. Бид түүнийгээ бусад нөхдөдөө ярина. 15, 16-хан настай жулдрайнууд нийгэм нэг л биш байгааг шүүн ярилцаж байсан гэхээр хар багын л "аавын цээжүүд" байж дээ. Бас нөгөө нэг ангид Нанзад гэдэг хүү байх. Тэднийх бол бүр Америкт байсан айл. Аав нь дипломат байсан байх. Түүнтэй яг найзалдаггүй ч бас сонин сонин, ам ангайлгасан юм ярьж байсныг санаж байгаа ч чухам юу ярьж байсныг бол санах юм алга.

Шууд хэлье. Социализмын чанга үед НАХЯ, МАХН-ын үзэл суртлын хатуу цензур дор Монголд Beatles нэвтэрсэн түүхийг би бичиж байна л даа. Өнөөгийн залууст бол инээдэм, эсвэл гайхаш! Иймэрхүү юм сонсож өссөн хотын төвийн тэр үеийн хүүхдүүд ерөнхийдөө "аавын цээжүүд" байсан шүү. Үүнийг би өөрөө 1977 онд Польшид суралцахаар очихдоо байдлыг биечлэн үзсэн маань балчир ухаанд минь бүрэлдэн байсан анти-коммунист үзэл бодол бүрэн төлөвшихөд хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Бас Банзрагчийн Жаргалсайханыд ч бил үү? Тэднийх "Ард" кино театрын хажуу байранд бацаан Зоригоо, Зундарь нарын байранд байсан. Дээр нэрлэсэн Ю.Энхжаргал, энэ Жаргалсайхан бид гурав нэг ангийнхан. Хагас зуун жил гаруйн тэртээх олон зүйлийг нарийн санахгүй байгаа ч санаанд үе үе орж ирдгээ бичиж байгааг хүлцэнэ үү.

За ингээд пянз тоглуулагчтай болсон үеэс миний төдийгүй манай байрныхны зөвхөн Beatles-ийн тухай мэдлэг төдийгүй хөгжмийн “боловсрол” эрс өссөн гэж байгаа. Юу гэхээр манай Хуягаа Beatles-ийн жинхэнэ пянзыг дээрх хөгжмийн урлагийн мастеруудаас олоод ирдэг байсан. Хуягаа гэдэг маань Монгол Улсын Гавьяат жүжигчин, монгол дуурийн болон эстрадын нэрт дуучин, кино жүжигчин Дулмаагийн Ганхуяг шүү дээ. МУСК-ны олон дүрийг бүтээсэн дээ. Бид хар багаасаа хүнсний Нэгдүгээр дэлгүүрийн арын Бага тойргийн 54 айлын орон сууцанд тоглож өссөн юм.

зураг
 

Тэгээд л аав, ээжийн эзгүйд манайд Хуягаа, Байгальсайхан (зураач), Батсайхан, Төмөрбаатар (циркийн жүжигчин), Ю.Энхжаргал, Шагдаржавын Бат-Эрдэнэ (хожим "Айзам" хамтлагийн гитарчин), түүний ах Ш. Батхүү, мөнөөх Б.Жаргалсайхан болон байрныхаа бусад нөхөдтэйгөө пянзаа тавиад л манго татаад л пижгэнүүлчихнэ дээ. Тийм боломжгүй үед Хуягаа банзан гитараа бариад, бидний нөхөд даган баясаад орцонд, тэндээсээ хөөгдөхөөр хажуугийн хүүхдийн цэцэрлэгийн хураалттай дүнзэн гуалингууд дээр суучхаад (бас Лёнго, Уби нэртэй хоёр нохойгоо дагуулчихсан) сонсголоороо тогтоосон хазгай муруй англи (биш) хэлээр орилолдож өгнө.

Гол хүн, “уран сайхны удирдаач” нь мэдээж манай Хуягаа. Бид, үсээ ургуулчихсан, өргөн трапец өмд өмсчихсөн. Манай Байгаль, Батсайхан, Төөмөө нар нарийн хилэнгээр өргөн өмд, Beatles-ийн захгүй пиджак оёчихдог, зарчихдаг, сэргэлэн гарууд байсан. Бид бас тамхи татна аа, болоогүй. Аминдаа тэднийг дуурайж байгаа ухаантай, эрх чөлөөг хүсэгч "аавын цээжүүд"! Сонирхолтой нь бид бүгд 1989 онд Ардчилсан хувьсгал эхлэхэд хамгийн эхний эгнээнд гүйлдсэн сэн. Энэ пянз тоглуулагч бол яг нарийндаа бол миний л өмч байсан. Ах эгч нар томорчихсон, ажил албатай, дүү маань жаахан. Аав ээж хоёр тоох ч үгүй. Тийм учир эзэн нь юмаа мэддэг ёсоор нөгөө тоглуулагчаа чирээд л найз нарындаа, мөн анги сургууль дээрээ пижгэнүүлнэ, Хуягаа бид хоёр. Бас болоогүй, энэ хамтлагийн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй хөөрхөн явган ярианууд шулганалдана. Beatles хамтлаг уг нь бол манайд ирсэн юм гэнэ лээ. Тэгээд онгоцны буудал дээр буугаад хот руу саравчилж хараад, өө энэ чинь жижигхэн хот байна, тоглохоо болъё гээд нисээд явчихсан юм гэнэ лээ… гэх мэт. Үнэмшихэд хэцүү ч сонсоход сонин гэж.

Одоо бодоход 1960-аад оны сүүлч 1970-аад оны эхээр манай улсын гадаад харилцаа үсрэнгүй хөгжиж, Зөвлөлтөөс цааш Зүүн Европын орнуудад оюутнууд ихээр суралцах болсон тул түүнийг дагаад барууны соёл орж ирж байсан хэрэг. “Фантомас” гэдэг франц-италийн кино, мөн Америкийн “Спартак” кино байна. Японы “Зуурдын сэтгэл” гэдэг киноноосоо дуу нь давчихсан нэг кино байх. Эдгээр болон бусад барууны соёлыг, одоогийнхоор бол “зөөлөн хүчний” нөлөөг хамгийн анх хүлээн авагчид нь нийслэл хотын тэр тусмаа хотын төвийн хүүхдүүд байсан шиг байгаа юм. Эдгээр хүүхэд, залуучууд бол нүүдэлчин малчин монголчуудын суурин соёл-иргэншлийн анхдагч үе гэж Баабар бичсэн байх аа.

Ингэж пижгэнүүлж байтал аав бид хоёрын дунд нэг ширүүн юм боллоо. Намайг унтаж байхад аав миний үсийг тайрчхаж. Нөгөө Beatles-ийг дуурайж ургуулсан хайртай урт үсийг минь тайрчхаж! Бөөн уйлаан майлаан! Ээж аавыг загнаад. Хүүгийн урт үс хөөрхөн л зохиж байсан ш дээ, юу нь болохгүй байгаа юм бэ, хэнхэг өвчтөй намын гишүүн энэ тэрд хүрсэн байх аа! Тэр үед аавдаа мөн ч их гомдож байж билээ! Аав маань нөгөө алдарт намын дайчин туслагч Эвлэлийн Төв Хорооны хариуцлагатай ажилтан байсан болохоор хүү нь “хөрөнгөтний үзэл суртлаас” ангид эвлэлч, нам ч зарчимч байх ёстой байсан байх л даа.

Энд нэг сонин юм ажиглагддаг. Яагаад МХЗЭ-ийн ТХ-ны ажилтан Тодын, яагаад НТХ-ны ажилтан Санжийн (сайдын албанд бэлэн боловсон хүчин), яагаад Тээврийн яамны орлогч сайд Юндэндоржийн, яагаад Зохиолчдын Хорооны дарга, орлогч (сайд, орлогч сайдын статустай) Чимэд, Эрдэнэ нарын, яагаад МАХН-ын гол үзэл сурталч, Монгол Телевизийн дарга (орлогч сайдын зиндаа) Чойжилийн, Цэргийн байгууллагын гол үзэл сурталч "Улаан Од" сонины эрхлэгч Банзрагчийн, нэрт яруу найрагч, намын үзэл сурталч Ш.Дулмаагийн...өөр олон зуун сэхээтний хүүхдүүд ийм анти-коммунистууд болчихдог байна аа? Тухайн цагт урт үс, өргөн өмдийг тайрдаг кампанит ажил эвлэлийн байгууллагаас, цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг байсан. Аав минь хэл аманд өртөхөөс болгоомжилж миний үсийг тайрсан гэж хэзээ хойно хэлж байсан сан.

Бид "аавын алтан сургаал" гэж хэлэхгүй, аа манай эцэг гэж нэг хэнхэг юм нөгөө номоо уншаад гэх мэтээр ярилцана. Ийм хүмүүжилгүй хүүхдүүд 1990 оны Ардчилсан Хувьсгалын тэргүүн эгнээнд явж байсныг юу гэж үзэх вэ?

Эхнэртэйгээ Ливерпүүл рүү галт тэргээр довтолгож явахдаа би энэ тухай дурсан бодож явлаа. Дараа нь цаасан дээр буулгалаа. Өмнө нь 2009 онд хүргэн ах, том эгч, эхнэрийн хамт Манчестерт амьдардаг эгч дүүсийн хүүхдүүд дээр очиж наадам тэмдэглэж байхдаа уг хотод гэр бүлээрээ амьдардаг Золоо дүүтэй мэнд мэдэж ярихад, өө Та ирчихсэн юм уу, тэгвэл дүү нь Таны яриад байдаг Beatles-ийн төрөлх хот руу чинь ухасхийгээд өгч болж л байна гэж баярлуулав. Ингээд эхнэр бид хоёр тэднийд зочлон Урнаагийн хийсэн гоё хоолнуудыг зооглон хоноод маргааш нь Золоо бид гурав түүний машинаар Ливерпүүл хотоор хальт ороод гарсан бол энэ удаа олон хоногоор тавтайхан зочлохоор манай эхнэрийн дотны найз Болороогийнхоо урилгаар зочилж яваа нь энэ.

Найрсаг сайхан дайлж зөндөө бэлэг сэлт өгсөн Болороо дүүд, сэтгэлд таатай бэлэг өгсөн Бээгий дүүд, Lennon & McCartney houses, Strawberry Field, Penny Line, Cavern Pub, Beatles Museum, Liverpool History Museum, Beatles Memorial Sculptor-ийг үзүүлсэн Болороо & Болороогийн хүү Бадрах дүү. Бас хөөрхөн хав Кайлис нартаа түмэнтээ баярласнаа дахин илэрхийлье!

Ардчилал, эрх чөлөөг Монголд авчрахад домогт "Beatles” үнэт хувь нэмрээ оруулсан нь түүхэн үнэн юм! Ёстой яаж ч үгүйсгээд нэмэргүй. Тэр үеийн хүүхэд залуус, өнөөгийн өвөө эмээ бид нар яагаад "Ардчилал, эрх чөлөө!" гэж тасралтгүй гонгинож байдгийн учир бол бид хаалттай коммунист дарангуйлагч нийгэм гэж юу байдгийг өөрийн биеэр туулаад өнгөрсөн болохоор одоогийн залуус хүүхдүүд Та нарын улс төрийн идэвхгүй байдлыг харж санаа зовсондоо анхааруулаад байгаа ухаантай! Ийм л байна. Сайн үйлс дэлгэртүгэй!

Тодын Отгонбаяр (Лондон, Их Британи, 2025.08.05)

зураг