1990 оны ардчилсан хувьсгалыг сурвалжилж байгаад Монголд үлдэж, 30 гаруй жил амьдарч буй Финландын сэтгүүлч бүсгүй Хельсинк хот дахь “Софиа” Соёлын Төвийн Галерейд “Mongolian tie demokratiaаn” хэмээх үзэсгэлэнгээ гаргажээ. Үүнтэй холбогдуулан өдгөө Лондон хотод амьдарч буй зураач Т.Отгонбаярын бичсэн нийтлэлийг хүргэе.
Хорвоогийн мухарт хагас хаалттай, Зөвлөлтийн дагуул байсан Монголд 1990 онд Ардчилсан хувьсгал эхлэхэд гадаад ертөнц маш их сонирхсон байдаг юм.
Тэдний тэр үеийн төсөөллөөр манай Монгол Улс нь Оросын нэг область, эсхүл Хятадын нэг муж шиг санагддаг байсан юм шиг байна билээ. Дэлхийн хамгийн хаалттай коммунист орнуудын жагсаалтад Албани, Хойд Солонгос, Монгол гээд жагсаж байсан нь нууц биш дээ.
Тийм учраас 1990 оны энэхүү хувьсгал дэлхийн дахины анхаарлын төвд орж, тэнд болж байгаа үйл явдлыг газар дээрээс нь очиж сурвалжлахаар тухайн үед цөөн тооны сэтгүүлч гадаадаас Улаанбаатарт ирж байсан санагдана. Тэдэн дотроос онцгой нэгэн бол хатагтай Иржи Халаш (Irja Halasz, Иржи гэдгийг нь Ирья ч гэж бичиж дууддаг) гэдэг фин бүсгүй билээ. Түүнийг яагаад онцгойлов гэхээр Ирья шиг Монголын ардчиллыг дэлхийд тууштай таниулж байсан, одоо ч таниулсаар байгаа гавьяатан хараахан үгүй юм. Бусад сэтгүүлч үүргээ биелүүлээд буцацгаасан бол тэр Монголд үлдэж түүнээс хойш 30 гаруй жил манай эх оронд амьдарч байна. Одоо ч бараг монгол хүн шиг болсон биз ээ.
Ардчилсан хувьсгалын түүхийг олон монгол хүнээс, түүний дотор замын дундаас хаяад явсан над мэтээс лав илүү мэднэ дээ, тэр. Ардчилсан хувьсгалын эрхэм журмын анд, финландын сэтгүүлч, гэрэл зурагчин, хатагтай Ирья Халаш маань “Mongolian tie demokratiaаn” гэдэг нэртэй үзэсгэлэнг 2025 оны тавдугаар сарын 31-нд Хельсинк хот дахь “Софиа” Соёлын Төвийн Галерейд нээлтээ хийжээ.
Энэ үзэсгэлэнд Ардчилсан хувьсгалын үеэр авсан түүхэн гэрэл зургууд болон тухайн цаг үеийн уур амьсгалыг илэрхийлэх улс төрийн зурагт хуудас, шог зургууд багтсан ба 200 гаруй ийм бүтээлийг Финландын олон нийтэд толилуулж байгаад би маш их баярлаж бахдаж байна. Үзэсгэлэнгийн нээлтийг Монгол Улсаас Финланд улсад хавсран суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий нээж, “Софиа” Сангийн удирдах зөвлөлийн дэд дарга Тимо Киетевайнен нээлтийг хөтөлжээ. Мөн Финландын парламент дахь Финланд-Монголын найрамдлын бүлгийн гишүүн, парламентын гишүүн Киммо Килюнэн, Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Маря-Лийса Килюнэн нар Ирья Халашид баярын мэндчилгээ нээлтийн үеэр дэвшүүлсэн байна.
Үзэсгэлэнг Финландын Lions Club Vantaankoski-Vandaforsen клуб зохион байгуулсан бөгөөд Монгол талаас “Голомт сан”, Финландын талаас “Софиа” Соёлын Төв, Nyblin, eCredo зэрэг байгууллага дэмжин ажиллажээ. Тус үзэсгэлэн 2025 оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Монголын ардчилал нь бидний дэлхийд гайхуулах нэгэн гоёл маань билээ. Энэ үзэсгэлэнд “Морин жилийн төвөргөөн” улс төрийн зурагт хуудасны үзэсгэлэнд толилуулж байсан миний хэдэн зурагт хуудас тавигдсанд би баярлаад ханашгүй, Irja Halasz Та бол Монголын ардчиллыг дэлхийд анх таниулж чадсан гавьяатан билээ! Эрхэм журмын анддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!