"Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр" өчигдөр буюу долдугаар сарын 29-нд тохиосон. Уг өдрийг тохиолдуулан Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, өдгөө Лондон хотод амьдарч буй зураач Т.Отгонбаярын бичсэн дурсамжийг хүргэж байна.
Цагаан морин жилийн дурсамж буюу “35 жил”-ийн ойд
1990 онд Монголд Анхны Ардчилсан Сонгууль болсноос хойш даруй 35 жил өнгөрснийг хэвлэл мэдээллээс олж хараад дурсамж маань гэнэт сэргэлээ. Он сарыг санах ч өдрийг мартжээ. Өнөөдөр юм байж. Тэр үед манайх гэдэг айл Биокомбинатад, нутгийнхны нэрлэдгээр “Монгол 60” нэртэй 5 давхар саарал байшинд амьдардаг байлаа. Туулын бургас, “Сонгино” амралт гэхээр хүмүүс сайн мэдэх юм билээ. Нутгийнхан болохоор “Биогийн хонхор” гэнэ.
1990 оны тав дугаар сарын сүүлээр л болов уу, энэ тойрогтоо МоАХ, МоАН-аас энэ сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх билээ гээд манай гишүүд хуралдлаа. Би болохоор энэ нутгийн бараг уугуул гэж болох эмэгтэй нэртэй эрэгтэй найз “Бор” хэмээх С.Тунгалаг, эсхүл энэ нутгийн хүргэн МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн, зураач-уран барималч Хайнзангийн Цэгмэд хоёрын нэгийг нэр дэвшүүлье гэж санал гаргав. Хоёулаа хойно, Москва, Ленинградад дээд сургуулиа дүүргэсэн, Ардчилсан Хувьсгалын тэргүүн эгнээнд манлайлагч сэхээтнүүд юм. Тэгсэн тэр хоёр нэг нь Сүхбаатар дүүрэгт, нөгөө хаана ч билээ нэг газар нэр дэвших болсон гэж сонсогдлоо.
Гэтэл манайхны зарим нь, миний одоо санаж байгаагаар, “Сахал” хэмээх Био Үйлдвэрийн инженер Жүгдэр, ажилчин Оюунцэцэг, Эрдэнэцэцэг эгч болон өөр хэдэн нөхөд та, чи энэ хонхорт Ардчилалын анхны хонхыг цохисон хүн байна даа, таныг, чамайг одоо энд мэдэхгүй хүнгүй болсон, нэр дэвшчих. Танигдаж, сурталчилж цаг алдах юмгүй гэж байна шүү. Тэгээд ч та чи манай МоАН-ын Үүрийн дарга хүн байна даа гэцгээв. Нэр дэвшүүлэх үндэслэл нь энэ юм байна. Би өөрийгөө голоод татгалзлаа. Чадна чадахгүй, болно болохгүй гээд баахан маргалдлаа. Би тас гүрийлээ. Миний санаанд багтахгүй байсан юм. Ингээд өөр нэр дэвшигч юу билээ гэцгээв. Гэтэл МоАХ-ны СЗ-ийн Зохицуулагч Ган-Од маань Бат-Үүлийг нэр дэвшүүлэх санал гаргадаг юм. (Тэрбээр нэг сарын өмнө миний саналаар, миний оронд сонгогдоод байв). Дэд зохицуулагч Болдоо мөн хэсэг нөхөд түүний саналыг дэмжлээ.
Нэртэй хүний зүстэй хүү. Маш хурдтай өсөж яваа залуу улс төрч. Тэр Монголын Ардчиллын бэлэг тэмдэг. Ардчиллын нэгэн нэртэй лидер. Бат-Үүл энэ “хонхорт” нэр дэвших нь бидний бахархал мөн. Тэр бол нууцаар ухуулах хуудас нааж НАХЯ-нд баригдаж, цаазаар авна гэж аймаар заналхийлэл сонсож байсан ч хулчийлгүй чин зорилгоосоо хазайгаагүй зоригтой шазруун буриад. Тэр бидэнтэй хамт манай Салбар зөвлөлийг байгуулсан. Манай нам холбооны хамт олны нэр хүндэд нэн чухал гэх зэргээр саналаа хэлэхийн зэрэгцээ, Бат-Үүлийг “Энэ хонхрын нохой ч андахгүй” болохоор бат ялна гэж зарим нь марзганана.
Би, хүүе та нар чинь энэ “эвгүй” газар Бат-Үүлийг нэр дэвшүүлж бүр “алах” нь байна. Бидний мэдэж байгаагаар энэ “хонхорт” МАХН одоо ч хүчтэй. Энд байгаа бүх байгууллага болон орон нутгийн захиргааг тэд атгаж байна. Хоёрт, энд тэдний ялалтыг найдвартай хангах нэг айхавтар хүчин зүйл байгаа нь Цэргийн ангиуд юм. Та нар тэднийг энэ тойргийн энгийн иргэд шиг өөрийнхөөрөө чөлөөт сонголт хийнэ гэж бодож байгаа бол том эндүүрэл. Тэд бол тэр чигээрээ, тушаалын дагуу жагсаалаар очоод бараг 100% МАХН-д саналаа өгнө. Энэ “хонхорт” бид давгүй санал авах нь авна. Магадгүй 40% давах байх. Харин тэр тэнцвэрийг цэргийн ангиуд эвдэнэ. Ингэхээр МАХН энд ялах магадлалтай. Тийм учир Бат-Үүлийг энд авчирч нэр дэвшүүлж унагана гэдэг нь зөвхөн түүний төдийгүй манай Монголын ардчиллын нэр хүндэд тун муугаар тусна. Ийм үндэслэлээр би татгалзаж байна гэлээ. Нөхөд зөв буруу гээд баахан маргаж маргаж, нууцаар санал хураахад тун ялихгүй давуугаар тэд яллаа.
Ингээд түүнийг нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоол гаргаж намын үүрийн дарга шүү ухаантай юм болохоороо би Бат-Үүлд тэр бичгийг гардуулж нэр дэвшихийг зөвшөөрсөн гарын үсгийг нь авах үүрэг хүлээлээ. Маргааш нь би Дашзэвэг гуай зэрэг хэдэн нөхдөө дагуулаад түүн дээр очлоо. Гэхдээ би түүнийг манай тойрогт нэр дэвших нь осолтой, бодоорой гээд энэ үндэслэлээ тайлбарлав. Харин тэр дуугүй л гарын үсэг зурчхав. Энэ нөхөр надад дургүйдээ ингэж байна гэж тэр бодсон байх.
Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлээд нэрийг нь зарласан чинь хэдхэн хоногийн дараа санаанд оромгүй явдал болж МАХН Бат-Үүлийн өөдөөс өөрийнхөө нэг хүчтэй лидер П.Жасрай гуайг тавьжээ. Ху нам арай ч шинжгүй юм аа. Жасрай гуай чинь хэдхэн сарын өмнө Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга байсан том улс төрч. Хэзээнээсээ нэртэй төртэй том хүн. Манай Бат-Үүл даанч залуу. Дөнгөж нэрд гарч яваа. Зарим нь цолгүй бөхийг Дархан аваргын аманд хаяж өглөө гээд монгол бөхөөр жишиж байна. Муухай хүч тэнцүүгүй тулаан болох нь. Өө, за за, шувтарсан цагаан бумбандаа ч орлоо л доо гэх зэргээр шуугилдлаа. Зарим нь Бат-Үүлийг энэ хонхрын нохой ч андахгүй болохоор бат ялна гэхэд нөгөө нь Жасрай гуайг ч бас манай нохой танина гэж марзганана.
СЕХ хоёр өрсөлдөгчийн нэрийг албан ёсоор зарлалаа. Тэр үед би Монголын Урчуудын Эвлэлийн УБ хотын салбарт эх загварын зураачаас гадна тэр үеийн Ажилчны район одоогийн Хан-Уул Дүүргийн хот чимэглэл хариуцсан төлөөлөгч нэртэй давхар алба хашдаг байсан юм. Манай байгууллагаар дамжин “Хужирт” рашаан сувилалд зураг чимэглэл хийх том хэмжээний захиалга би өмнө нь олж ирсэн тул манай дарга намайг энэ багаа ахлаад тийшээ яв гэж тушаал буулгаад байсан яг тэр үетэй давхцаад энэ үйл явдал болж байгаа юм. Би ч зөвшөөрлөө. Яахав, чөлөө мэдүүлж өөр хүн томилуулж болно л доо. Гэхдээ би Бат-Үүлийн “унах”-ыг харахыг хүссэнгүй. Би энэ бодлоо болон албан ажлын шаардлага гарсныг нам холбооны нөхдөдөө тайлбарлаж хэлээд Намын үүрийн даргын үүргээ Дашзэвэг гуайд шилжүүлж өгөөд явсан.
Гал маналзсан, хүч тэнцвэргүй тулалдаан-сонгууль болж байгаа сонсогдоно. Гэтэл хоёр нэр дэвшигч аль аль нь 50%-ийн санал авч чадсангүй уналаа гэсэн мэдээ ирэв. Дахин санал хураалт болох нь тодорхой боллоо. Хоёр хүчин дахин галзуу юм шиг үзэлцсэн гэж хожим нь надад манай гишүүд хэлсэн. Ёстой балрах шахлаа. Одоо яана аа. Отгоогийн анхааруулгыг бодох ёстой байж дээ гэцгээжээ. Баахан сандарцгааж. Энэ зэмлэл манай нөгөө хоёр чиглэсэн хэрэг. Тэд хүнд байдалд оржээ. Гээд яахав, эцсийн хүчээ шавхаж гишүүд дэмжигчдийнхээ хамт ёстой хазахаас бусдыг хийсэн гэнэ. МоАХ, МоАН ч хамаг хүчээ хаяж. Дахин санал хураалт болж арайхийн тун бага саналын зөрүүгээр Бат-Үүл маань ялсан байдаг. Уг нь Бат-Үүл 40, 50 мянгатдаа ч юм уу, ялангуяа аавынхаа нутгийнхны хүсэлтийг дагаад Хэнтийд нэр дэвшсэн бол тун төвөггүй ялалт байгуулах нигууртай байсан юм л даа.
Хэзээ хойно 2010 онд Бат-Үүлийн маань эхнэр Дэлгэртуяа өөрийнхөө бичсэн “Үүл бид хоёр” гэдэг дурсамжийн номоо манай эхнэр бид хоёрт (Бат-Үүл тэр хоёр хоёулаа гарын үсгээ зурж) дурсгасан билээ. Их баярласнаа одоо дахин илэрхийлье, та хоёртоо. Энэ номд Дэлгэртуяа маань намайг 1990 оны сонгуулийн ажилд идэвхтэй оролцсон гэж бяцхан эндүүрсэн байна билээ. Би оролцоогүй юм. Ийм л юм болсон. Үнэн түүх нь энэ. Энэ сонгуульд миний том эгч Тодын Оюунчимэг, түүний нөхөр, манай хүргэн ах Давгын Доржбат нар маань тоосоо өргөсөн. Баянхонгор аймгийн 21 сум-тойргоос 20 тойрогт МАХН ялж ах минь ганцаархнаа МоАН-аас нэр дэвшин сонгогдож Ардын Их Хурлын Депутат болж "Монгол Улсын Ардчилсан Шинэ Үндсэн Хууль"-ийг гар өргөн батлалцсан билээ. Нэгэн зууны гуравны нэгээс илүү урт хугацаа цахилан өнгөрчээ...
Бичиглэсэн зураач Тодын Отгонбаяр.
Лондон хот, Их Британи.
2025.07.29, Ням гараг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!