Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн дээд хязгаарыг 553.9 тэрбум төгрөг байхаар баталжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 5
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам (ССАЖЗЯ)-д зохион байгуулагдлаа. 

ССАЖЗ-ын сайд 2026 онд 553.9 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар дээд хязгаарыг баталсан байна. Үүний 412 тэрбум нь урсгал зардал, 141.9 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтад зарцуулагдахаар хуваарилжээ.

Гэхдээ 2026 оны батлагдсан хязгаараас 758.7 тэрбум төгрөгөөр давсан хэрэгцээ шаардлагатай байгаа талаар ССАЖЗЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат танилцуулав. Мөн 2026 оны төсвийн төслийн талаар харьяа байгууллагуудаас санал авахад 1.3 их наяд төгрөг шаардлагатай байгааг онцоллоо.

ССАЖЗ-ын сайдын 2026 оны төсөвт буй 412 тэрбум төгрөгийн урсгал зардлаас соёл урлагийн салбарт 225.3 тэрбум төгрөг, спортын салбарт 53.5 тэрбум төгрөг, аялал жуулчлалын салбарт 133.2 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөж байгаа аж.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ССАЖЗЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат "Анхан шатны нэгжээс төсвийн төслийн санал авч боловсруулсан. Ингэхэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт 1.3 их наяд төгрөгийн төсвийн хэрэгцээ шаардлагатай байсан. Гэхдээ 553.9 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар дээд хязгаарт багтаж саналаа хүргүүлсэн. 

Дөрвөн улирлын аялал жуулчлал, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, ССАЖЗ-ын дэлхий дахинд гэх мэт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд 201.6 тэрбум төгрөг шаардлагатай. Ирэх онд ССАЖЗЯ-ны харьяа 486 байгууллага дээр гурван байгууллага нэмэгдэнэ. Үүнд 123.5 тэрбум төгрөг хэрэгтэй. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд 10 тэрбум төгрөг, Соёл урлаг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд 5 тэрбум, Спортыг дэмжих сангийн үйл ажиллагааг сайжруулахад 3 тэрбум төгрөг хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтын тухайд гэвэл 2026 онд 1.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 146 төсөл арга хэмжээг 764.7 тэрбум төгрөгөөр санхүүжих тооцоо гарсан. Гэвч бидэнд 141.9 тэрбум төгрөгийн төсвийн хязгаар баталж өгсөн" гэв.

ФОТО: