Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн тухай диалог"

Б.Ану
2016 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Улстөрд байр суурь эзэлж буй, албан тушаал хааж буй, тодорхой нөхцлөөр эрх мэдлийг хэрэгжүүлж буй нөхдүүдийг үндсэн гурван төрөлд хувааж ойлгож болох тухай "Хөгжлийн тухай диалог" номонд дурджээ. 

"Төрийн зүтгэлтэн,  Улстөрч, Улстөрийн амьтан гэж гурав ангилах ба Төрийн зүтгэлтэн нь бүх цаг үеийн туршид маш цөөхөн тодорч түүхэнд мөрөө үлдээж, улстөрийн, нийгмийн, түүхийн, сэтгэлгээний өвийг үлдээгчид байдаг аж. Өөрөөр хэлбэл тэд албан тушаалд очсон ч алдар гавьяа, мөнгөөр эрх ашигт хүлэгддэггүй. 

Харин Улстөрч гэдэг нь хүний түүхэнд мянга мянгаараа төрдөг. Тэд өв бүтээдэггүй, харин бусдын бүтээсэн өвийг шинэчлэх, үргэлжлүүлэх, төрийн албыг залгуулах хэмжээнд л бэлтгэгддэг. Тэд мянга, мянгаараа сайд, парламентын гишүүд болдог ч хувь хүний хөгжил, багийн амжилтын түүхэнд л зарим ахиц авчирдаг байна. 

Харин Улстөрийн амьтан гэдэг нь юуг ч золиослоод болтугай эрх мэдэлд хүрэхийг эрмэлзэгчид. Хүн чанар, ёс зүй, шударга байдал гэдгийг зөвхөн өөрийнхөө эрх ашгаар л хэмждэг. Тэд эрх мэдэлд хүрэмтгий байдаг" гэж  "Хөгжлийн тухай диалог" номын "Улстөрийн амьтан" нэртэй өгүүллийг бичилцсэн С.Эрдэнэболд ярилаа. 

Өнөөдөр нээлтээ хийсэн "Хөгжлийн тухай диалог" ном 10 сэдвийн хүрээнд 11 автортай бөгөөд Монголын хөгжлийн гарцыг эрэлхийлэхийг зорьжээ. Бүтээгчид нь хэдий намын харьяалалтай нөхдүүд ч монгол залуус ийнхүү хөгжлийн тухай эрэлхийлж байгаа нь сайшаалтай санагдлаа. 

Энэхүү номын судлаач Б.Дөлгөөний бичсэн Эдийн засгийн хөгжлийн чиг хандлага: Бид хаашаа явж байна вэ өгүүлэлд "...Үндэсний Хөгжлийн Цогц Бодлогод тусгаснаар бид 2015 он гэхэд Мянганы Хөгжлийн Зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, 2016-2020 он гэхэд мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих үе шат руу орно гэж баталж байсан. Сайхан зорилт, сайхан тэмүүлэл даанч харамсалтай нь энэ бүхэн цаасан дээр л үлджээ" тухай дурдаад бидний хөгжлийн зорилго түүний томьёолол юу байх талаар асуудал дэвшүүлжээ. 

"Аз хур" номын дэлгүүрт болсон энэхүү номын нээлтийн үеэр Ардчилсан холбооны Ерөнхий зохицуулах зөвлөлийн анхны 13 гишүүний нэг, сэтгүүлч С.Амарсанаа "Түүхээс харвал нийгмийн томоохон өөрчлөлт, шинэчлэлийг 30-аад насны залуучууд манлайлж хийсэн байдаг. Та бүхний түүчээлэх цаг иржээ" гэж номын авторуудад хандаж хэлсэн юм. Нээлттэй Ардчилсан Нам - Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний санаачлан бүтээсэн энэхүү ном агуулгын хувьд аль нэг улстөрийн хүчнийг онцлолгүй Монгол Улсын суурь хөгжлийн асуудлуудыг хөндсөн байна. 

Намаа шинэчлэх хүсэл зорилготой залуус албан тушаал гэхээсээ илүү юун түрүүнд бидний нийтлэг эрх ашгийн тухай ойлголт, цаашдын хөгжлийн тухай ийнхүү эрэлхийлсэн бололтой. Тиймээс ч намын зарим нэг лидерүүд нь тэднийг Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгааг хийх хүмүүс хэмээн амжилт хүсчээ. 

Тус ном:

  1. "Монгол мөрөөдөл ба үндэстний амбиц" - Д.Сайнбаяр
  2. "Бодлого суурьтай нам" -С.Буяндэлгэр
  3. "Эдийн засгийн хөгжлийн чиг хандлага: Бид хаашаа явж байна вэ" - Б.Дөлгөөн
  4. "Зоосны мартагдсан тал буюу институтын хөгжил" - О.Эрдэнэ-Өрнөх
  5. "Улстөрийн амьтан" - С.Эрдэнэболд, С.Санасэр
  6. "Улстөрчийн философи" - Б.Ган-Очир
  7. "Үзэл баримтлалын шинэчлэлд -М.Чимэддорж
  8. "Шинэчлэлийн цагаан толгой: Ёс зүй ба хариуцлага" - В.Гомбодорж
  9. "Цахим ардчиллыг Монголд хөгжүүлэх нь" -А.Батчимэг
  10. "Эрүүл мэндийн салбарыг шинэ шатанд гаргах эхний найман алхам" -Ж.Амарсанаа гэсэн сэдвүүдээс бүрдсэн байна. 

iKon.mn сайт та бүхэндээ маргааш (арваннэгдүгээр сарын 03-нд) энэхүү номонд багтах "Улстөрийн амьтан" өгүүллийг бүрэн эхээр нь хүргэх болно.

 

Харин "Хөгжлийн тухай диалог" бүтээл номын дэлгүүдэд өнөөдрөөс ийнхүү борлогдож эхлээд байна.