Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

МЭЗЧ: Энтрепренершип Монгол залууст таалагддаг, сэтгэлгээнд нь тохирдог

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэрэл зургийг mpa.mn

“Инноваци-Бизнесийн боломж” сэдвээр МЭЗЧ үргэлжилж байна. Тус салбар хуралдаанаар инновацийн эко систем, их сургуулиудын бий болгож буй инноваци, глобал зах зээл, гарааны бизнес, олон улсын түвшний судалгаа зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм.
Хуралдааны хөтлөгч МУИС-ийн багш Ч.Лодойравсал,
Хуралдааны оролцогчид:

  • Шинжлэх ухааны паркийн Инноваци, Технологи дамжуулалтын төвийн дарга Д.Батхуяг,
  • Химийн болон техникийн ухааны доктор Ч.Ганзориг,
  • Харвардын АУИС-ийн судлаач Б.Батзаяа,
  • Стартап Монгол ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат,
  • ШУТИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төвийн захирал Д.Хашбаяр,
  • Эрдэнэт Үйлдвэрийн Хөгжил хариуцсан орлогч Б.Намхайнямбуу,
  • JCI Progress салбар байгууллагын сургалтын хорооны захирал Б.Мягмарнаран нар оролцож байна.

Доктор Ч.Ганзориг салбар хуралдааны эхний илтгэлийг тавилаа.

Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр “Мэдлэгийн эдийн засгийн гол хөдөлгүүр хүч нь инноваци байдаг. Өнөөдрийн байдлаар залуусын дунд томоохон давалгаа үүсээд байна. Тэд инноваци, энтрепренершипийн тухай ярьдаг болсон. Одоогийн байдлаар Монгол Улс инновациар нэлээн хойгуур үзүүлэлттэй байна. 

Мэдлэгийн эдийн засгийн үзүүлэлтээр Монгол Улс 83 дугаар байрт оржээ. Бидний хөрш улсууд гарааны бизнесийг мэдлэгийн эдийн засагтайгаа уяад оролцогч талуудын хамгийн сайн хамтын ажиллагааг хангаж хийхийг зорьж байгаа” гэсэн сонирхолтой мэдээллийг өглөө.


Асуулт: Инновацийн соёл гэж юу вэ?

 

Д.Батхуяг “Инноваци нь цоо шинэ ойлголт биш ч ярьж эхэлсэн үе нь нэн шинэ. Инновацийн соёл анх техник технологид бий болгосон шинэ мэдлэгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх ойлголт байсан. Соёл гэдэг маань тодорхой хүрээлэл нэгдсэн суурь ойлголт дээр тулгуурласан үнэт зүйлтэй, өөрийн гэсэн тодорхой чиг хандлагыг тогтоосон орчин бүрдсэн байгаа.

Инновацийн соёлыг ярихын цаана оюун өмчийн соёлыг ярих хэрэгтэй. 1981-1991 оны хооронд Монгол Улс шинэ бүтээл 20 орчим мянгыг бүртгэж байсан бол 1996-2016 онд найман мянгыг бүртгэсэн байна. Үүний арав хүрэхгүй хувь нь үйлдвэр, үйлчилгээнд нэвтэрсэн.

Сүүлийг жилүүдэд хоорондын итгэлцэл байхгүй болохоос гадна үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлж буй институцуудын хэлхээ холбоо тасарсан. Ялангуяа бизнес, эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд асуудал үүссэн.

Бид асар их өмч хөрөнгийг бүртгэж чадахгүй алдаж байгааг харж болно. Инновацийн соёлтой ард түмэн гарч ирж байгаа сайн санаачлагыг бүртгэж авдаг системтэй байх хэрэгтэй” гэв.

Асуулт: Бид олон улсын түвшний судалгааг гадаадад хийгээд тэндээсээ инноваци бий болгох боломж хэр байдаг вэ?

Б.Батзаяа нь Тулгуур эсийн хөгжлийг гэрлээр удирдах аргачлалыг боловсруулж, тус аждаараа АН-ын болон Япон улсын патентыг хамгаалж, тус патентаараа Хитачи судалгааны төвтэй хамтран хорт хавдрыг нэг эсийн түвшинд оношлох хайбрид микроскопыг гаргаж авахаар ажиллаж байна.

ДР Б. Батзаяа “Туршлагаасаа хараад хэлэхэд… Миний хийсэн судалгааны ажил докторын ажлын маань сэдэв байсан. Хөрөнгө оруулалтыг манай профессор багш гаргасан. Судалгаагаа хийгээд явсан хүний хувьд би патентынхаа гурван хувийг эзэмшдэг. 

 

Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Монголоос гадаадад гарлаа гэхэд тухайн орны судалгааны түвшин манайхаас өндөр байгаа учраас тухайн судалгааны байгууллагууд арай их хувийг эзэмшдэг. 

Докторын ажлаа хийж байхад надад нэг санаа орж ирсэн. Биотехнологийн салбар Монголд их боломжтой. Учир нь биологийн түүхийн эд нь элбэг байдаг. 

Би энэ бодож байсан санаагаа АНУ-д их сургуулиудын оюутны хурал дээр ярихад надад хоёр сая долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн санал тавьсан. 

Тэгэхээр санаа нь байх юм бол дэмжигчид нь байна, хөрөнгө оруулагчдыг татах боломж бүрэн. Би хамтрагчаа сонгох тал дээр алдсан. Жинхэнэ стартап хийгээд явахад хамтрагчаа зөв сонгоно гэдэг хань ижлээ сонгож байгаа юм шиг чухал байдаг” гэв.

 

Асуултын дараа оролцогчид инновацитай холбоотой өөрсдийн байр сууриа товч илэрхийлэв.

С.Эрдэнэбат “Инноваци бол хадны мангаа биш ээ гэж хэлмээр байна. Энтрепренершип гэдэг зүйлийг АНУ хөгжүүлснээрээ тэргүүлэх гүрэн болж чадсан. Энэ бол соёл, амьдралын хэв маяг юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд манайл үйл ажиллагаанд 10 мянга гаруй залуус хамрагдсан. Үүнээс 200 орчим нь компани болж гарсан байгаа.

Надаас хүмүүс асуудаг. Энтрепренершип, стартап гэсэн гадны зүйлс чинь бидэнд буух юм уу гэдэг. Харин ч энэ нь Монгол залуучуудад маш их таалагддаг, сэтгэхүйд нь тохирдог гэж харагдаж байгаа.

Хамгийн гол нь тэдэнд боломжийг нь олгож, экосистемийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Дүгнээд хэлэхэд энтрепренершип гэдэг амьдралын хэв маягийг залууст суулгаж өгвөл инновациллаг үндэстэн болж чадна.” гэв.

Б.Намхайнямбуу “Би шийдэл гэдэг үгийг инноваци гэж харж байна. Эрдэнэт үйлдвэр өөрөө Монголын уул уурхайн анхны том үйлдвэр. Том үйлдвэрийг засгаас дэмжих явдал чухал гэдгийг манай үйлдвэрээс харж болно. 

Манай үйлдвэрт сайн техник, мэргэжилтэн нь байгаа учраас инновацийг хөгжүүлэх нь чухал гээд ажиллаж байна.
Инновацийг хөгжүүлэх явдал нь нөгөө талдаа эдийн засгийг үр ашигтай болгоход чухал нөлөөтэй байдаг. 

Өнгөрсөн онд бид сэргээгдэх эрчим хүчний таван төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр нь 120 гаруй сая долларыг жил бүр хэмнэж, эхний 7-8 сардаа анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцоолсон. Ер нь практик дээр инновацийг нэвтрүүлэх явдал бол талх шиг хэрэгтэй болжээ. Нөгөө талаасаа эдийн засгийн хямралын сайн тал нь энэ юм байна” гэв.