УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит бусаар өнөөдөр хуралдаж, дэд сайд нарын томилгоотой холбоотой асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл: Төрийн үрэлгэн бүтэц хэзээ буурах вэ. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд хэцүү байдалд орж, түрүүчээсээ дампуурлаа. Ийм нөхцөлтэй байхад Засгийн газраас дэд сайдуудыг нэмж томилж, Монгол Улс 40 сайдтай болж хувирч байна.
Ардчилсан Намын бүлгээс ээлжит бусаар хуралдаж, Засгийн газарт шаардлага хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тодорхой бодлогогүй, улс төрийн систем авлигад бүрэн идэгдэж ялзарсны уршгаар эдийн засаг бүрэн зогсонги байдалд орж байна. Аж ахуйн нэгжүүд татварын өртэй дансаа хаалгуулж, боловсрол эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, иргэдийн амьжиргаа доройтож эмзэг хэсэг нь хүнсний хомсдолд орох аюул нүүрлэж байна.
2025 оны төсвийн орлого тасарч, төвлөрсөн хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдэхгүй, аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй ирэх оны төсөв өртэй эхлэх нөхцөл байдал бүрдлээ. Нэн даруй татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, төрийн данхар бүтцийг цомхотгох, Засгийн газар хэмнэлтийн горимд ажиллах онцгой шаардлага үүслээ.
Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн өнөөгийн байдалд бодит үнэлэлт өгөх чадваргүй, эдийн засгийн өсөлтийн суурь болох аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх хүсэлгүй, иргэдийн амьжиргааг хамгаалах асуудлыг үл тоолоо.
20 сайдтай төрийн данхар бүтцийг бууруулахын оронд 16 дэд сайд нэмж томилох, шинээр агентлаг байгуулах харалган шийдвэрийг гаргаж байна. Үүгээрээ өмнөх Засгийн газрын алдаа завхралыг засаж, авлига тэмцэнэ гэж найдсан олон нийтийн итгэлийг хөсөрдүүлэв.
Иймээс Ардчилсан Намын бүлгийн зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 12 дугаар сарын 17-нд гаргасан дэд сайд томилох шийдвэрээ цуцалж, Засгийн газрын өнөөгийн данхар бүтцийг цомхотгох санал боловсруулж намрын чуулганд УИХ-д оруулж ирэхийг шаардаж байна.
Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг манай намын бүлэг тавина.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!