Уншиж байна ...

Эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварласан утгатай үг хэлсэн Францын тэргүүн хатагтайг феминистүүд шүүхэд өгчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хэд хэдэн байгууллага Францын тэргүүн хатагтайн эсрэг шүүхэд гомдол гаргажээ.

Уг гомдолд Францын феминизмийн бэлгэдэл болдог 343 гэсэн тоотой тэнцүү тооны хүн гарын үсгээ зурсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Парисын “Folies Bergère” театрт болсон тоглолтыг тэргүүн хатагтай Брижит Макрон өөрийн охин болон хэсэг найзуудтайгаа хамт үзсэн юм.

Энэ үеэр тэр хүчингийн хэрэгт холбогдож байсан жүжигчин, комедиан Ари Абиттантай тайзны ард ярилцсан бөгөөд уг уулзалтын дүрс бичлэг хүмүүсийн дунд тарснаар асуудал үүсжээ.

Өмнөх өдрийн тоглолтыг феминист хөдөлгөөний идэвхтнүүд тасалдуулсан нь хүчингийн хэрэгт буруутгагдаж байсан Абиттан уг тоглолтод оролцсоныг эсэргүүцсэн хэрэг байв.

Бичлэгт Макрон хатагтай уулзалтын үеэр Абиттанаас сэтгэл санаа ямар байгааг нь асууж байгааг харуулжээ.

Энэ үеэр тэргүүн хатагтай тоглолт үймүүлсэн идэвхтнүүдийг “sales connes” (франц хэлээр тэнэг г****нүүд гэсэн утгатай) гэж нэрлээд дахиад ингэвэл “хөөж гаргах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Францын тэргүүн хатагтай эмэгтэй хүмүүсийг ийм доромж үгээр нэрлэсэн нь олон хүмүүсийг эмзэглүүлжээ. Ялангуяа феминистүүдийг нэлээд хилэгнүүлсэн байна.

Гомдол гаргагчдыг төлөөлж буй өмгөөлөгч Жульетт Шапел “Тэр бол Францын тэргүүн хатагтай тул юу гэж хэлэх нь чухал асуудал” гэж хэвлэлд ярьжээ.

Францын шүүх Абиттаны 2021 онд үйлдсэн гэх хүчингийн хэргийг нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр 2024 онд хаасан юм.

Шийдвэрийг давж заалдсаныг энэ оны нэгдүгээр сард дараагийн шатны шүүх бас хэрэгсээгүй байна.

Энэ долоо хоногт Брижит Макрон хэвлэлд өгсөн ярилцлагадаа дүрс бичлэгт “хувийн яриа” нь бичигдсэнийг тайлбарлаад эмэгтэйчүүдийг гомдоосондоо уучлал гуйсан юм.

Гэхдээ тэр “Би хэлсэн үгэндээ харамсахгүй байна. Би хэдийгээр бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн гэргий ч хувийн орон зайдаа өөрийнхөөрөө байх эрхтэй” гэж нэмж хэлжээ.

Тэргүүн хатагтайн эсрэг гаргасан гомдолд 343 хүн гарын үсэг зурсан нь 1971 онд үр хөндөлтийг хуульчлуулахын тулд ийм тооны эмэгтэйчүүд жирэмслэлтээ зогсоож байсантай холбоотой юм байна.

 

Эх сурвалж: AFP