Уншиж байна ...

2026 оны эдийн засгийн төлөвийг танилцуулж байна

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

-Хөдөө аж ахуйн салбарын эрсдэл эдийн засгийн өсөлтийг хойш нь чангааж мэдэхээр байна-

2026 оны эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж байна. Эдийн засгийн өсөлт ирэх жил хадгалагдана хэмээн ХААН Банкнаас гурав дахь жилдээ бэлтгэн гаргасан “Эдийн засгийн төлөв байдлын тайлан 2026”-д онцолжээ. Тус тайланд Монгол Улс болон дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг шинжлэн тоймлосон байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан гээд олон улсын банк, санхүүгийн байгууллагууд жил, жилийн эдийн засгийн төлөв байдлыг урьдчилж зарладаг. Үүний нэгэн адил ХААН банк олон нийт, харилцагчдынхаа бизнесийн шийдвэр гаргалтад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор эдийн засгийг “дуранджээ”.

Ирэх жилийн улсын төсөв болон мөнгөний бодлогын үндсэн чиглэл батлагдсан, орлого, зарлагын төсөөлөл, чиг баримжаа тодорхой болсон цаг үед дээрх тайлангийн зарим үр дүнгээс хуваалцаж байна. Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ээлж дараалан сайжруулсан нь 2026 онд гадаад санхүүжилтийн өртөг буурах, цаашлаад гадаад эх үүсвэрийг төр, хувийн хэвшил татан төвлөрүүлэхэд эерэг хүлээлт үүсгэжээ.

2026 онд эдийн засгийн өсөлтийг уул уурхай, хөдөө аж ахуйн сэргэлт бүрдүүлэх, тэр тусмаа уул уурхай, түүнийг дагасан тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарууд идэвхжиж, эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй байна. Эдийн засгийн хүлээлт ирэх жил өөдрөг, эрдсийн зах зээлийн таатай мөчлөг үргэлжилж, түүхий эдийн ханшийн өсөлт тогтворжих, эрэлт хэвээр хадгалагдах нааштай дүр зураг давамгайлж байна. Энэ байдал нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байгаа юм.

Нүүрс урьдын адил экспортод тэргүүлэхийн сацуу зэсийн экспорт үлэмж тэлэхээр байна. Учир нь, Оюутолгойн гүний уурхайн олборлолт нэмэгдэж, манай улс 2026 онд 1.9 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор улсын төсөвт тусгаад байгаа юм. Эндээс харахад нүүрс, зэсийн баяжмалын экспортын хослол эдийн засагт томоохон түлхэц болж өгнө. 2025 онтой харьцуулахад ирэх жил уул уурхайн бүтээмж, үр ашиг илүү сайжрах, эдийн засгийн өсөлтөд жин дарахуйц таамаг, төсөөллийг “Эдийн засгийн төлөв байдлын тайлан 2026” дэвшүүлсэн нь илүүтэй анхаарал татлаа.

2026 онд Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний экспортын хэмжээ 2025 оны түвшинд хадгалагдах, үнийн хэлбэлзэл харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна. Үүнээс гадна БНХАУ болон Австралийн хоорондын худалдааны зөрчил гүнзгийрэх тохиолдолд Монгол Улс Хятадын коксжих нүүрсний импортын зах зээл дэх байр сууриа өргөжүүлэх боломж нээгдэж болох юм. Манай улс ирэх жил нийт 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж буй.

Монгол Улсын эдийн засаг /ДНБ/ 2025 оны эхний 9 сард 5.9 хувиар өссөн бөгөөд тус өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын үүрэг, оролцоо хамгийн их байсан. Ирэх өвлийг хэрхэн өнтэй давах, ямар хавар, зун болохоос хөдөө аж ахуйн салбарын өсөлт тогтвортой үргэлжлэх эсэх нь шийдэгдэх юм.  ХААН Банкны “Эдийн засгийн төлөв байдлын тайлан 2026”-д цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын өсөлт хэлбэлзэх эрсдэлтэй гэж үзсэн байна. Энэ байдал дотоодын эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлох чухал хэмжигдэхүүн юм.

Инфляц тогтворжих ч сорилт дагуулна

2026 оны эдийн засгийн хамгийн том сорилт инфляц болж байна. Мөнгөний бодлогын зорилтот түвшинд инфляц орших эсэх нь ихээхэн эргэлзээтэй цаг үе. Үндэсний статистикийн хорооны 11-р сарын мэдээллээр инфляц 8.2 хувьтай гарсан. Ирэх жилийн хувьд инфляц тогтворжих хэдий ч эдийн засагт тулгарах сорилтоор нэрлэгджээ. Хэдий цахилгааны тарифын нэмэгдэлтэй холбоотой нөлөө арилж эхэлсэн ч хүнсний үнийн өсөлт инфляцын өсөлтийг дэмжих нөлөө хүчтэй хэвээр байна. Уг трэнд 2026 оны дунд хүртэл үргэлжилж мэдэхээр байгаа юм. Харин импортын гаралтай инфляцын дарамт харьцангуй бага байх таамгийг “Эдийн засгийн төлөв байдлын тайлан 2026”-д дурдаад, инфляцын эрсдэл бодлогын хүүг бууруулах шийдвэрийг хойшлуулж болзошгүй хэмээн үзжээ.

Монголбанкны зүгээс инфляцыг 2027 оноос 5 хувийн голчтой, 3-7 хувийн орчимд бууруулахыг эрмэлзэж буй. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш харьцангуй тогтвортой байх нааштай мэдээ байна.

Бизнесийн зээлийн өсөлт эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн сэргэлтийг дагаж хэрэглээний зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн. Ингэснээр иргэдийн давхар зээлийн хэмжээ өсөж, өрийн дарамтыг лавшруулсан. 2026 хувьд байгууллагын зээл буюу бизнесийн зээл  илүү өсөлт үзүүлэх, харин хэрэглээний зээлийн өсөлт саарах хүлээлттэй байна. Зээлжих зэрэглэл сайжрахын хэрээр гадаад санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх, улмаар ногоон зээл, бизнесийн зээлийн хүртээмжийг зах зээл цаашид сэдэлжүүлэхээр байна.

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody's агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B2 түвшнээс B1 болгон сайжруулж, эдийн засгийн төлөв байдлыг тогтвортой хэмээн үнэлсэн. Энэ байдал гадаад санхүүжилтийн өртөг буурч, зээлийн эх үүсвэр нэмэгдэх эхлэл юм. Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Тэрчлэн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэн нэмэгдэх, бусад арилжааны банк, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөлийг бүрдүүлдэг.

Эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэлүүд

Хөдөө аж ахуйн салбарт: Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 32 хувь нь гантай байснаас гадна 2025-2026 оны өвөл олон жилийн дунджаас хүйтэн болох төлөвтэй, мөн урьдчилсан тооцооллоор нийт газар нутгийн 25 хувь орчимд зуд тохиолдох эрсдэлтэй байгаа зэргээс шалтгаалан өвөлжилт, хаваржилт хүндрэх, малын зүй бус хорогдол нэмэгдэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын өсөлт үргэлжлэх бус саарах, эргэн удаашрах эрсдэлийг ярих шаардлагатай болж байна. Энэ онд улаан буудайн тариалалтын хэмжээ 10 орчим хувиар буурсан, улсын хэмжээнд гантай байснаас нийт ургацын 12 хувийг алдсан зэрэг нь газар тариалангийн салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Эдгээрээс шалтгаалж дотоодын хүнсний инфляц үргэлжлэн нэмэгдэх, инфляцын цаашдын төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Хятадын эдийн засагт: 2026 оны эдийн засгийн гол эрсдэлд Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлэн удаашрах, энэ байдал нь уул уурхайн экспортод тулгуурласан манай улсын эдийн засагт тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлж мэдэхээр байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь түүхий эдийн үнэ, эрэлтэд голлон нөлөөлөх, тэр тусмаа нүүрсний үнэ болон экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнээс буурах тохиолдолд манай улсын төсөв, эдийн засагт тэр хэрээр алдагдал үүсгэх бодит хүчин зүйл юм.

Хэрэв дээрх байдал даамжрах юм бол  экспортын орлого тасалдах, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх, гадаад валютын нөөц буурах, төгрөгийн ханш сулрах, эдийн засгийн өсөлт саарах, бизнесийн идэвхжил сулрах зэрэг олон сөрөг үр дагавартай. Ийм нөхцөлд эдийн засгийн таамаглалууд гутранги төсөөлөл рүү дөхөх эрсдэлтэй.

БНХАУ-ын хувьд хэдий эдийн засаг нь 2025 оны эхний гурван улиралд  шинжээчдийн таамгаас давсан өсөлт үзүүлсэн ч дотоод эрэлт сул, үл хөдлөх хөрөнгийн салбар нь уналттай, дефляцын эрсдэл үргэлжилсээр байгаа юм. Олон улс талаа авч үзвэл, геополитикийн тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй тарифын маргаан, олон улсын худалдааны шинэ нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байна.

 

Нийтлэл бичсэн: Д.Эрдэнэтуяа

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.