Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх мэндэлсний 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 8-нд Увс аймагт болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн баяр наадам 2026 оны наймдугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Тус наадмын үеэр Ж.Батмөнх гуайн үзэсгэлэнг нээж, хүндэтгэлийн парад, төрийн далбаа мандуулах ёслол, үндэсний бөхийн барилдаан болох юм байна. Мөн энэ жил Үндэсний их баяр наадмын үеэр цолоо ахиулсан бөхчүүд, төрийн дээд цол хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Жамбын Батмөнх нь 1926 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, төрийн нэрт зүтгэлтнээс гадна эрдэмтэн, профессор хүн байв. 1948 онд одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН-д гишүүнээр элсэж, 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байв.
Мөн тэрбээр Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний хувиар ухаалаг бодлого явуулж, шийдвэр гаргасныг олон хүн дурсан ярьдаг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

