Сошиал медиаг эрт хэрэглэж эхэлсэн хүүхдүүд хожуу эхэлсэн хүүхдүүдээс сурлагаар хоцордгийг судлаачид тогтоожээ
Дунд сургуулийн эхэнд сошиал медиа хэрэглэж эхэлсэн хүүхдүүд хэдэн жилийн хойно хэрэглэж эхэлсэн хүүхдүүдээс сурлагаар хоцордгийг Италийн судлаачид тогтоожээ.
Тухайлбал 11-12 насандаа сошиал медиа хэрэглэж эхэлсэн сурагчид хэдэн жил хоцорч эхэлсэн сурагчидтай харьцуулахад математик болон хэл бичгийн шалгалтад муу үнэлгээ авч байсан байна.
Мөн энэ хоёр бүлгийн чадварын зөрүү 16 насандаа зургаан сарын хичээлийн хоцрогдолтой тэнцэж байжээ.
Италийн Милано-Бикоккагийн Их сургуулийн доктор Марко Ги болон түүний баг тус улсын дунд сургуулиудын 5,000 гаруй сурагчийн сошиал медиа зуршлыг математик, итали болон англи хэлний стандарт шалгалтын үр дүнтэй харьцуулан судалсан байна.
Хүүхдүүдийн 13-14 насандаа өгсөн шалгалтын дүнг харьцуулахад 11-12 насандаа сошиал медиа хэрэглэж эхэлсэн хүүхдүүд, 14 насандаа хэрэглэж эхэлсэн хүүхдүүдээс бага оноо авсан байжээ.
15-16 насанд нь авсан шалгалтын дүнг харьцуулахад эдгээр хүүхдүүдийн итали хэлний шалгалтын онооны зөрүү хэвээр хадгалагдаж, математикийнх улам холдсон байсан байна.
Энэ үед тэдний ур чадварын зөрүү зургаан сарын хичээлийн хоцрогдолтой тэнцэж байжээ.
Математик, итали хэлний шалгалтуудад онооны зөрүү илт ажиглагдсан бол англи хэлний шалгалтын оноонд нөлөө үзүүлээгүй байна.
Судлаачид үүнийг сошиал медиагийн агуулгууд англи хэл дээр голчлон байдагтай холбон тайлбарлажээ.
“Бид үүнийг сошиал медиа хэрэглэдэг хүүхдүүд байнгын сэрэмжлэх төлөвт байж, гар утсан дээр нь ямар мэдэгдэл ирж байгаа, сошиал орчинд ямар үйл явдал өрнөж байгаад анхаарал хандуулдгаас болсон гэж таамаглаж байна. Энэ нь тэднийг гэр бүлийнхээ бодит амьдралд оролцох хугацааг багасгадаг байх. Ийм насны хүүхдүүдийн хувьд хамгийн их цаг зарцуулдаг ажил болох гэрийн даалгаварт нь нөлөөлж байж болзошгүй” гэж доктор Ги дүгнэсэн байна.
Дэлхийн хэд хэдэн улс орон сүүлийн жилүүдэд хүүхдийн сошиал медиа хэрэглээг хориглох арга хэмжээ авч эхлээд байгаа.
Австрали улс өнгөрсөн онд анхны ийм арга хэмжээг авсан бол өнгөрсөн сард Франц улс 15 хүртэл насны хүүхдүүдийн хэрэглээг хориглосон Европын Холбооны анхны гишүүн болсон юм.
Италийн судлаачдын ажлын тайлан “Nature Human Behaviour” сэтгүүлд нийтлэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

