Д.Оюунбат: Голын усны түвшин есдүгээр сарын 15-ныг хүртэл буурахгүйг иргэддээ анхааруулъя
Ойрын өдрүүдэд Тэрэлж, Туул гол үерийн аюултай түвшнийг давж үерлэж байгааг цаг уурын байгууллага, онцгой байдлын байгууллагаас тогтмол сэрэмжлүүлж буй ч усны осол гарсаар байна.
Ялангуяа сүүлийн гурав хоногт усны ослын найман дуудлага мэдээлэл бүртгэгдэж, зургаан иргэн нас барж, хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас мэдээлэв.
НОБГ-аас ойрын өдрүүдэд ажилласан дуудлага мэдээлэл, нөхцөл байдлын талаар НОБГ-ын Тэргүүн дэд дарга Д.Оюунбат "Наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гурван иргэн ус руу орж, нэг иргэн нь мөчирт тогтон гарч ирсэн. Хоёр иргэн урсаж нас барсан байсныг 48 цагийн дараа олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Наймдугаар сарын 2-3-нд шилжих шөнө 00:48 цагт дөрвөн иргэн усанд орсон. Нэг иргэн нь голын мөчир таарч, гарч ирсэн. Гурван иргэн урссан бөгөөд нэгийг нь олсон, хоёр хүнийг эрэн хайж байна.
Үргэлжлүүлэн тэрбээр "Наймдугаар сарын 1-нд Туул гол 45 сантиметр давж үерлэж болзошгүй гэдэг мэдээлэл өгсөн. Тэр өдөр Туул гол Биокомбинат орчимд эргээ давж, үерлэсэн. Иймд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 28 өрхийн 107 иргэн, "Энхсаран" сувиллаас 54 иргэн "Монголика" амралтын газарт сургалтад хамрагдаж байсан 43 иргэн буюу нийт 183 хүнийг аюулгүй бүсэд гаргаж ажилласан. "Монголика" гэдэг амралтын газраас иргэдийг аюулгүй бүс рүү гаргах гээд очиход зохион байгуулагчид нь "Сургалт гурван цагийн дараа дуусна. Түүний дараа гаръя" гэж байгаа юм. Уг нь бид иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө л очиж байгаа шүү дээ. Тэнд ажиллаж байхад 16:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний гол буюу Гавжийн шанд гэх газар машинтай хүмүүс урссан, үер боллоо гэх дуудлага, түүний араас 4-5 дуудлага давхар ирсэн.
Замд явж байхад хоёр том хүн, гурван хүүхэд машинтай урссан гэдэг мэдээлэл авагдсан бөгөөд хаягт нь очиход машин урсаж хөмөрсөн, нэг айлын гурван хүүхдийн нэг нь урссан, хоёр нь ухаан балартсан байсан тул хоёр хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Урссан гэх 11 настай хүүхдийг эрэн хайж, маргааш нь 13:40 цагт олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тэр оройдоо Партизанд үер болж, айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автлаа гэх дуудлагын дагуу мөн ажилласан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

