Шумуулаар дамжих халдварын тандалт судалгааг Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад хийжээ
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 8 суманд шумуулаар дамжих халдварын тандалт судалгааг зохион байгууллаа. Судалгааны хүрээнд шумуулаар дамжих халдварын эрсдэлийн асуумжид нийт 193 иргэнийг хамруулж, эрсдэлт бүлгийн 100 гаруй хүнээс цусны ийлдэсний сорьц цуглуулсан байна.
Мөн орон нутгийн иргэд болон аялагчдад 300 гаруй сэрэмжлүүлэх зурагт хуудас, гарын авлага тараан мэдээлэл хүргэж, эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр сургалт зохион байгуулжээ.
Түүнчлэн шумуулын тархалт, тоошил, зүйлийн бүрдлийг тогтоох зорилгоор Хяргас, Увс, Ачит, Хар, Толбо нуурууд болон Ховд, Булган голын ай сав орчмоос нийт 3,163 шумуул цуглуулсан байна.
Шумуул нь дэлхий даяар өргөн тархсан, олон төрлийн халдварт өвчнийг дамжуулах боломжтой шавж юм. Шумуулаар дамжин халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шумуулд хазуулахгүй байх, үржлийн голомтыг бууруулах нь чухал.
- Дэлхий дээр 3600 орчим зүйл шумуул тархсан байдаг.
- 30 орчим өвчин шумуулаар дамжин халдварладаг.
- Жил бүр дэлхий даяар сая сая хүн шумуулаар дамжих халдварт өвчнөөр өвчилдөг.
- Шумуулаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.
Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



