“Barbie” киноны үргэлжлэлийг бүтээх ажил жүжигчдийн цалин хөлстэй холбоотой маргааны улмаас саатжээ
“Barbie” кино ойролцоогоор $1.5 тэрбумын ашиг олж, Оскарын шагналын найман төрөлд нэр дэвшиж, 2023 оны зун дэлхийн соёл урлагийн ертөнцийн гол сэдэв болж байв.
Тэгвэл уг киноны үргэлжлэл болох “Barbie 2” киног бүтээх Warner Bros компанийн төлөвлөгөө жүжигчдийн цалин хөлстэй холбоотой маргааны улмаас саадтай тулгараад байгааг Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.
Тухайлбал эхний кинонд гол дүр бүтээсэн Марго Робби, Райан Гослинг, найруулагч, зохиолын хамтран бичигч Грета Гервиг нар студитэй тохиролцоонд хүрч чадаагүй байгаа гэнэ.
Барбигийн найз залуу Кенийн дүрийг бүтээсэн Гослинг дахин энэ дүрээ бүтээснийхээ төлөө $20 саяын цалин нэхэж байгаа ажээ.
Тэрбээр өмнө бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байсан юм.
Дээрх гурван уран бүтээлч гурвуулаа CAA агентлагт харьяалагддаг.
Хэрвээ Warner Bros арванхоёрдугаар сар гэхэд дээрх уран бүтээлчидтэй гэрээ байгуулж чадахгүй бол “Barbie” киноны эрхийг уг хүүхэлдэйг үйлдвэрлэдэг Mattel компанид буцааж өгөхөд хүрэх юм байна.
“Бид Mattel-ээс эрх авах гэрээ байгуулж, дараагийн киног бүтээхийн тулд уран бүтээлчдэд хэд хэдэн том санал тавьсан. Харамсалтай нь бид одоогоор тохиролцоонд хүрч чадаагүй байна” гэж тус студийн хамтарсан гүйцэтгэх захирлууд болох Пэм Абди, Майкл Де Лука нар мэдэгджээ.
Хэрвээ эрх Mattel-д буцвал өөр студитэй хамтран шинэ кино бүтээж болох ч анхны киноны зохиолоос ямар ч элемент оруулах боломжгүй, Робби, Гослинг, Гервиг нарыг ч оролцуулах эрхгүй болох юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
