Агаарын хэт халалтын улмаас Европын гол мөрнүүдийн ус татарч, эдийн засагт ноцтой хохирол учруулж эхлээд байна
Агаарын хэт халалтын улмаас Европ тивийн голуудын ус татарсан нь тус тивийн улс орнуудын эдийн засагт ноцтой хохирол учруулж эхлээд байна.
Тухайлбал Герман, Нидерландын хэд хэдэн газарт Рейн голын усны түвшин түүхэн доод хэмжээндээ хүртэл буурчээ.
Мөн Европын 10 улсыг дамжин урсдаг Дунай мөрөн болон Италийн По голын усны түвшин урьд өмнө ажиглагдаагүй доод хэмжээндээ хүрсэн байна.
Агаарын хэт халалт хамгийн богинодоо дахин нэг долоо хоног үргэлжилж, төв болон өмнөд Европын олон оронд Цельсийн 40 хэм давж халах төлөвтэй байгаа юм.
Долдугаар сарын сүүлээр Рейн гол дээрх хэмжилтийн станцуудын 44 хувьд, Дунай мөрний станцуудын 78 хувьд усны түвшин маш бага хэмжээнд бүртгэгдсэнийг Германы мэргэжлийн байгууллага мэдээлжээ.
Швейцарын Альпын нуруунаас эх авч, Хойд тэнгист цутгадаг Рейн бол Европын хамгийн их ачаалалтай усан замуудын нэг юм.
Усны түвшин буурсан нь тээвэрлэлтийг хязгаарлаж, эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүй болжээ.
Рейний Усан Зам, Тээврийн газрын төлөөлөгч Мартин Волтерс тээвэрлэлт бүрэн зогсох магадлал бага ч ачаа барааг олон усан онгоцонд хуваарилан ачих замаар жинг бууруулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгааг Германы WDR агентлагт ярьсан байна.
Хэрвээ удаан ингэвэл тээврийн зардал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний хангамж түгээлтэд саад учруулж болзошгүйг тэр анхааруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Серби, Румын, Унгар зэрэг хэд хэдэн улсад Дунай мөрний ус сүүлийн 30 жилийнхээ хамгийн доод түвшинд хүрсэн юм. Үүний улмаас реакторуудыг хөргөх хангалттай усгүй болсон Унгарын цорын ганц цөмийн цахилгаан станц үйл ажиллагаагаа бараг зогсооход хүрсэн.
Одоо тус станц хамгийн бага хүчин чадлаараа ажиллаж байгаа ба бүрэн зогсоох шаардлагатай эсэхийг мэргэжилтнүүд тасралтгүй хянаж байна.
Серби улс мөн хөргөлтийн систем нь усгүй болсон тул нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа үйлдвэрлэлийн хэмжээг бууруулсан юм.
Румын улс Чернавода цөмийн цахилгаан станц руугаа урсах усны урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Дунай мөрний эрэг дээрх том хадан цохиог дэлбэлэх арга хэмжээ авчээ.
Румын дэх Dacia, Ford автомашины үйлдвэрүүд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бууруулах зорилгоор хоёр долоо хоног үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна.
Италийн хамгийн урт гол Погийн усны түвшин долдугаар сарын сүүлээр Кремона хотын ойролцоо түүхэн доод түвшиндээ хүрч буурсан юм.
По голын адагт усны түвшин багассан нь далайн давстай усыг нэмэгдүүлснээр орон нутгийн эко системийг алдагдуулж, талбайгаа усалдаг фермерүүдийн үйл ажиллагаанд ноцтой асуудал үүсгэжээ.
Гол мөрний ус татарснаас гадна Европын хэд хэдэн оронд агаарын хэт халалтаас үүдэлтэй ой хээрийн түймэр шатаж, эдийн засагт асар их хохирол учруулж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
