Украины цохилтын улмаас Оросын газрын тос боловсруулалтын хэмжээ сүүлийн 24 жилийн доод түвшиндээ хүрснийг мэдээлжээ
Украины агаарын цохилтууд эрчимжсэний улмаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн гарц долдугаар сард сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч буурсныг Блүүмбэрг агентлаг Даваа гарагт мэдээлжээ.
Тухайлбал өнгөрсөн сард Оросын үйлдвэрүүд өдөрт 3.6 сая баррель түүхий газрын тос боловсруулсан нь 2002 оны тавдугаар сараас хойших хамгийн доод түвшин болохыг тус агентлаг тооцоолсон байна.
Энэ нь өмнөх жилүүдийн мөн үеийн дунджаас 30 гаруй хувиар бага хэмжээ гэнэ.
Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд 2020-2025 онуудад өдөрт дунджаар 5.3-5.6 сая баррель тос боловсруулж байжээ.
Албаны эх сурвалжуудын өгсөн мэдээлэл дээр үндэслэн тооцоолоход зөвхөн долдугаар сард Оросын 18 газрын тос боловсруулах үйлдвэр Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөний дотор тус улсын хамгийн томд тооцогддог Омскийн боловсруулах үйлдвэр багтсан байна.
Уг үйлдвэр Украины хилээс 2,500 гаруй километр зайд оршдог.
Өнгөрсөн тавдугаар сард 17 үйлдвэрт халдсан нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байжээ.
Долдугаар сард үйлдвэрүүдээс гадна таван тээвэрлэгч хөлөг, таван боомтын дэд бүтэц, хоёр дамжуулах хоолой бас Украины халдлагад өртсөн байна.
Өнгөрсөн тавдугаар сард нийтдээ 32 халдлагыг Украины тал зохион байгуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан бол долдугаар сар 30 халдлагаар үүний дараа оржээ.
Үүнд Капсийн тэнгисийн боомттой холбоотой найман тээвэрлэгч хөлөг халдлагад өртсөнийг тооцоогүй юм. Эдгээр хөлгүүдэд халдлага үйлдсэнээ одоогоор хэн ч хүлээгээгүй байгаа тул Блүүмбэрг долдугаар сарын тоондоо оруулаагүй юм байна.
Украины Нисгэгчгүй Системийн зэвсэгт хүчин долдугаар сарын эхний хагаст цохилтоо газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд чиглүүлж байсан бол сарын дундаас тээвэрлэгч хөлгүүд рүү чиглүүлсэн юм.
Оросын тал газрын тос экспортлох үйл ажиллагаагаа Хар тэнгисээс Балтийн тэнгист шилжүүлж болох ч үүнийг дамжуулах хоолой, хадгалах нөөцийн савны хүчин чадал хүрэлцэхгүй гэж шинжээчид үзэж байна.
Нөгөө талаар Украинчууд нисгэгчгүй онгоцнуудаа Балтийн тэнгисийн боомтуудад хүргэж чадахаа өмнө нь харуулж байсан билээ.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
