Иран улстай яриа хэлэлцээ эхлүүлж байгаагаа Трамп мэдэгдсэн ч Техраны эрх баригчид үүнийг нь эрс үгүйсгэлээ

Т.Давааням, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иран улстай таван сарын турш үргэлжилж буй дайныг зогсоох яриа хэлэлцээг эхлүүлж байгаагаа Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Ингэхдээ тэр үүнийг Ираны талд олдож буй “сүүлчийн боломж” гэж анхааруулсан юм.

Гэвч Техраны эрх баригчид үүнийг эрс няцааж, ямар ч яриа хэлэлцээ эхлээгүй, ийм төлөвлөгөө ч байхгүйг баталжээ.

Эдгээр зөрчилтэй мэдэгдлүүд нь дайныг ойрын хугацаанд дипломат аргаар шийдвэрлэх боломж бага байгааг харуулж байна.

Цагаан ордны Зууван танхимд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Иран, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Саудын Араб улсуудын хүсэлтээр “Яг одоо хэлэлцээ үргэлжилж байна. Энэ бол тэдний (Иран) хувьд сайн гэрээнд гарын үсэг зурах сүүлчийн боломж юм” гэж хэлжээ.

Трамп өнгөрсөн амралтын өдөр Ираны эсрэг томоохон байлдааны ажиллагаагаа хойшлуулж буйг зарлахдаа бас л яриа хэлэлцээ эхлүүлэх болсонтой холбон тайлбарлаж байв. Ерөнхийдөө агаарын цохилтоор сүрдүүлэх, дараа нь хэлэлцээ эхлэхээр болсныг зарлах гэсэн үйл явдал сүүлийн саруудад байнга давтагдаж байна.

Харин Даваа гарагийн өглөө Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багей одоогоор АНУ-тай ямар ч яриа хэлэлцээ явуулаагүй, төлөвлөөгүй, ойрын өдрүүдэд тус улс гадаадын ямар ч төлөөлөгчдийг хүлээж авахгүй, бас төлөөлөгчдөө гадаад орнууд руу илгээхгүйг мэдэгджээ.

Ираны хэлэлцээрчид бүгд эх орондоо байгаа, зөвхөн гадаад хэргийн сайд Аббас Арагчи шашин мөргөлийн зорилгоор Иракт байгааг тэр нэмж хэлсэн байна.

Удахгүй болох ганцхан арга хэмжээ нь Ормузын хоолойн удирдлагын асуудлаар хөрш Оман улстай хийх уулзалт байх гэнэ.

Техраны эрх баригчид дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн амин чухал зам болох Ормузын хоолойг барьцаалж, АНУ болон түүний холбоотнуудаар буулт хийлгэх зорилготой байгаа нь эндээс харагдаж байна.

Гэвч Трамп уг хоолой АНУ-ын хяналтад байгааг батлан илэрхийлсээр байсан юм.

“АНУ-ын ган хэрэм! Бид хүсээгүй бол, гэрээ байгуулахгүй бол, эсвэл бүрэн бууж өгөхгүй бол үүнийг нэвтлэн Иранд хүрэх ямар ч боломж байхгүй!” гэж тэр Даваа гарагийн орой сошиал хуудсаараа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press