Б.Одбаяр: Түрээсийн мопед, скүүтэрийг нэн яаралтай буцааж хэрэглээнд гаргахаар ажиллаж байгаа
2026 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн мопед, суррон, цахилгаан скүүтэр зэрэг тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хязгаарлаад буй. Эдгээр тээврийн хэрэгслийг буцааж хэрэглээнд гаргахаар болжээ.
Энэ тухай НЗХГ-ын дарга Б.Одбаяр "Өчигдөр(2026.08.03) болсон нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний хурлын үеэр түрээсийн мопед, скүүтэрийг буцааж хэрэглээнд гаргах албан бичгийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх үүрэг, даалгавар өгсөн. Энэ дагуу түрээсийн мопед, скүүтэрийг нэн яаралтай хэрэглээнд гаргах талаар арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Их тойруу, Бага тойруу, Нарны зам гэсэн байршилд 31.5 километр авто замын хөвөө дагуу мопед, скүүтэрийн эгнээний тэмдэглэгээг хийж байгаа. Ажлын явц 50 хувьтай үргэлжилж байна. Эдгээр байршлын тусгаарласан ногоон хөвөөгөөр мопед, скүүтэртэй иргэд зорчихыг уриалж байна" гэж мэдээллээ.
Харин Энхтайвны өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөө, Их тойруу, Чингисийн өргөн чөлөөний авто замд нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг тусгаарлах тэмдэглэгээг тавьж байгаа бөгөөд энэ сарын 15-нд дуусгахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
