С.Галбадрах: Скүүтэр, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл үүсээд байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Зам тээврийн осол, авто замын түгжрэлийн шалтгаан нөхцөлийг судалж бууруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулан холбогдох арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт 2026 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанд скүүтэр, мопедоор үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна.

Энэ үеэр Тээврийн Цагдаагийн Албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Галбадрах “Хууль долоодугаар сарын 1-нээс хэрэгжихэд бүгд нэг гараанаас гарна. Гэтэл нэг шугаман дээрээс эхлэхийн тулд скүүтэр, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Зөвшөөрөл олгох байгууллага нь тодорхой байх ёстой.

18 насанд хүрсэн иргэн тухайн тээврийн хэрэгслийг жолоодохдоо сургалтад хамрагдсан байх ёстой. Жолоочийн мэдээллийн санд орсон иргэн жолоодно. Аж ахуйн нэгжүүд хариуцлагын даатгалд хамрагдсан байх гэж бий. Хуулиас давсан дүрэм гэж байхгүй учраас замын хөдөлгөөний дүрэмд 18 насанд хүрсэн хүн мопед унана гэх зэрэг өөрчлөлт орно.

Мөн тээврийн хэрэгслийг бүртгэхээр улсын дугаар олгох, үзлэг оношилгоо гээд бүх шаардлага тавигдана. Хуультай холбоотой хяналт шалгалтын ажил эхлэхээр аж ахуйн нэгжтэй үл ойлголцол эхэлнэ. Тийм учраас зохион байгуулалтын ажлуудаа яаралтай хийх шаардлагатай байна” гээд скүүтэр, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргажээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр “Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн автотээврийн төв гээд нийслэлийн байгууллагуудын удирдлагууд ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Засаг даргын зөвлөлийн хуралд энэ асуудлыг оруулж, хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах хэрэгтэй. Бид хууль хэрэгжүүлж байна гээд 7 дугаар сарын 1-нээс гэнэт бүх мопед, скүүтэрийн хөдөлгөөнийг хорихгүйн тулд энэ уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хувийн хэвшлийнхэндээ танилцуулж байна.

Засаг даргын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд шаардлагатай арга хэмжээг яаралтай авч, тушаал, шийдвэрээ гарга. Аж ахуйн нэгжүүд хуулиа хэрэгжүүлье гэтэл төрийн байгууллагаас болоод гацаад байж болохгүй.

Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний зам дээгүүр өөр өнгөөр ялгаж мопед, скүүтэрийн зам гаргаж, явуулах боломжтой эсэх судалгааг гаргаж өгнө үү.  Гэрээт цагдаа нараас дэмжлэг авч, хяналт шалгалт хийх хувилбар байгаа учраас богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа хийе. Мөн зогсоолыг хэрхэн шийдэх вэ, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн Нийтийн тээврийн газартай ярилцаад шийдээрэй. Аж ахуйн нэгжүүдийн хувьд  хурд, дууны асуудалд анхаарч өгнө үү. Хууль биелүүлнэ гэдэг шууд хааж бооно гэсэн үг биш. Гэхдээ хуулийг үйлчлэх хугацаанаас нь эхлээд дагаж мөрдөх ёстой. Долдугаар сарын 1-н гэхэд тавигдаж байгаа шаардлагуудаа хангаж чадахгүй бол хөдөлгөөнд оруулахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Тийм учраас нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд аж ахуйн нэгжийнхээ шаардлагыг биелүүлээд хурдтай ажиллая” хэмээн шаардлагатай бэлтгэл ажлыг хангахыг чиглэл болгосон байна.

ГССҮТ-ийн захирал Э.Галбадрахын мэдээлснээр скүүтер, мопед зэрэг цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй ослоор улсын хэмжээнд сард дунджаар 230 хүн, өдөрт дунджаар 7-8 хүн гэмтсэн байна.

2025 онд 5 хүн, 2026 оны эхний 5 сарын байдлаар 3 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба