Сөүл хотод анх удаагаа агаарын хэт халалтын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд шинээр нэвтрүүлсэн агаарын хэт халалтаас сэргийлэх зөвлөмжийн дагуу Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өнөөдөр анх удаа хамгийн дээд түвшний сэрэмжлүүлгийг зарлажээ.

Өнөөдрийн 11:00 цагаас эхлэн тус хотын баруун өмнөд, зүүн өмнөд хэсэгт сэрэмжлүүлэг зарласан бол дараа нь үргэлжлээд Ганнам, Сонпа, Гансо, Гванак зэрэг 11 дүүрэгт сэрэмжлүүлэг зарласан байна.

Үндэсний хэмжээнд агаарын хэт халалтаас сэргийлэх зөвлөмжийн шинэ системийг зургаадугаар сарын нэгнээс нэвтрүүлсэн юм.

Энэ системийн хамгийн дээд түвшний сэрэмжлүүлгийг өдрийн агаарын температур Цельсийн 38 хэмээс дээш гарахад, эсвэл хоёроос олон өдөр Цельсийн 35 хэм хүрэхэд зарладаг.

Даваа гарагт Сөүл хотод халалтаас үүдэлтэй өвчлөлийн 18 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр тавдугаар сарын 15-наас хойших нийт тохиолдлын тоо 185 хүрчээ. Эдгээрээс одоогоор хоёр хүн амиа алдаад байгаа.

Хотын захиргаа нийтдээ 4,000 орчим халуунаас хоргодох байрыг олон нийтийн байгууламжууд, өндөр настны асрамжийн газрууд, халамжийн төвүүдэд нээжээ.

Мөн гэрээс гарахгүй байх, хангалттай хэмжээгээр ус уух, эмзэг бүлгийн хүмүүсээ халамжлах зөвлөмжийг Сөүл хотын оршин суугчдын гар утсанд мессэж хэлбэрээр илгээсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News