ФОТО: "Би катерингийн бизнес эрхэлдэг. Алхаад ч болтугай явмаар байвч унаагаар хүргэхээс өөр аргагүй болохоор яалтай билээ"
Шатахууны хомсдол үүссэнтэй холбогдуулан иргэдэд тээврийн хэрэгслийнх нь улсын дугаарын тэгш эсвэл сондгой орноор харгалзах өдрүүдэд шатахуун олгох зохицуулалтыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Уг зохицуулалтын эхний өдрийн дүр зураг бидний фото дуранд хэрхэн буусныг сийрүүлэн хүргэж байна.
Улсын дугаарын тэгш, сондгой эсэхээс хамааран замын хөдөлгөөнд оролцохоор болсныг зарлаад удаагүй байгаа энэ үед шатахуун олгох зохицуулалт нэмэгдсэн нь иргэдийг дахин бухимдуулсан.
Энгийн үед ч ачаалалтай байдаг Петровис ШТС-ын Энхтайваны гүүрний дор байрлах салбарт хэсэг ажилтан нь шатахуунаа түгээж, нөгөө хэсэг нь хоёр талаас орж ирэх машинуудыг зохицуулан зогсож байгаа харагдана. Сондгой дугаартай машинууд болон оочер дайрах гэж оролдох тохиолдол их байгаа нь ингэж зогсохоос аргагүйд хүргэжээ.
Сүүлийн өдрүүдэд бий болсон ачаалалтай холбогдуулан ажилтнууд нь хуваарийнхаа дагуу амрах байтугай заримдаа хооллох ч завгүй ажиллаж байгаагаа учирласан.
Петровисоос холгүйхэн байрлах Сод Монгол ШТС-ын дараалал зам дагуу нэгэн урсгал үүсгэжээ.
Дугаарлан зогсож буй нэгэн иргэн "Би катерингийн бизнес эрхэлдэг хүн. Өглөө 08:00 цагаас үйл ажиллагаан дээр хоол хүнсээ аваачиж өгөх ёстой байсан ч ингээд бензин авах гээд хүлээгээд зогсож байна. Алхаад ч болтугай явмаар байвч унаагаараа хүргэхээс өөр аргагүй болохоор яалтай билээ" хэмээсэн.
Биднийг ярилцах зуур цаг 11:00 болох дөхөж байлаа. Түүнээс гадна дараалал хэдэн цаг зогссон иргэд өглөө гэрээсээ гарсан цагаасаа эхлэн ажилдаа ч явж чадалгүй дараалалд гацчихлаа гэж байв.
Өөр нэг иргэн "Сая л нэг ажлаасаа ээлжийн амралтаа аваад хотоос гаръя гэж бодсон ч өглөөнөөс эхлээд бензин авах гээд хүлээж байна" гэж байв. Түүний хувьд гэр бүлээрээ амрах аялах эхний өдрийнхөө талыг ийнхүү шатахуун авахаар дугаарлан өнгөрөөж байна.
Угтаа шатахуун гэх нэрийн ард хүмүүсийн наад захын хэрэглээ, ажил, ахуй амьдралд нь аж төрөхүйн томоохон асуудал бий болоод байна. Шатахуунаа тэгш, сондгойгоороо хязгаарлуулан авах энэ зохицуулалт наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бол түүнээс залгуулаад нийслэлийн тээврийн хэрэгслүүд мөн л тэгш, сондгойгоороо ангилагдан замын хөдөлгөөнд оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

