"Наймдугаар сард хэт халсны дараа гэнэтийн усархаг бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжилнэ үү"
Нийслэлийн Онцгой Байдлын Байгууллага(НОБГ)-аас өнөөдөр үер, усны ослоос сэрэмжлүүлж хэвлэлийн хурал зохион байгуулсан.
Энэ үеэр наймдугаар сарын цаг агаарын төлөв нь долоодугаар сараасаа илүү эрсдэлтэй байхаар буйг мэдээлэв.
НОБГ-ын тэргүүн дэд дарга Д.Оюунбат "Наймдугаар сард их хална, түүний дараа түр зуурын усархаг аадар бороо орно. Үүнээс үүдэлтэйгээр үерийн эрсдэлтэй гэж цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсэн.
Иймд голын ай сав дагуу, уул гуу жалга дагуу суурьшихгүй, зорчихгүй байхыг анхааруулж байна. Саяхан машинтай урссан иргэд уулын жалга дагуу явж таарахад гэнэт үерийн ус урсгасан харамсалтай явдал болсон. Наймдугаар сар гараад одоогоор нийслэлд хоёр удаа уруйн үер гарлаа. Мөн Дархан, Булган, Баянхонгорын замд уруйн үер буусан. Хэт халсны дараа гэнэтийн усархаг бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжлээрэй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

