Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

МЭЗЧ: ХУВЬ ХҮНИЙ ёс суртахуун бол НИЙГМИЙН ёс суртахууны нэг хэсэг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 30
iKon.MN
 

Монголын Эдийн Засгийн Чуулган 2016 “Мэргэжлийн ёс зүй” салбар хуралдаан үргэлжилж байна. Салбар хуралдааныг “Майнд” сангийн тэргүүн А.Баярцэцэг хөтлөж явуулж байгаа юм.

Харин салбар хуралдааны оролцогчдоор Анагаахын Шинжлэх Ухааны доктор Б.Саранцэцэг, ШУТИС-ын багш Д.Сэрдарам, “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг, ЭМЯ-ны харьяа Анагаахын ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ын профессор Ү.Отгонбаяр, Хэвлэлийн хүрээлэнгийн захирал, сэтгүүлч М.Мөнхмандах нар оролцож байна.

Уг хуралдаад нийгэмд хамгийн их анхаарал татдаг, нөлөөлөл ихтэй эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцож байгаа юм.

А.БАЯРЦЭЦЭГ: БИД САЙН, МУУГ ЯЛГАЖ БАЙГАА БОЛ ЗӨВИЙГ ДЭМЖИЖ, БУРУУГ ЭСЭРГҮҮЦЭХ ЁСТОЙ
 

Салбар хуралдааны нээлтийн илтгэлийг А.Баярцэцэг танилцууллаа.

Тэрбээр “Этик гэдэг бол сайн, муугийн онол буюу Моралын философийн салбар юм. Өнөөгийн Монголын нийгэмд, ялангуяа хамгийн их бухимдуулдаг эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн асуудал байна. Бид сайн, мууг ялгаж байгаа бол зөвийг дэмжиж, бурууг эсэргүүцэх ёстой. Ингэж байж нийгмийн ёс зүйгээ хангаж чадна. Ёс зүйн шийдэл нь “Этикийн комисс” юм. Энэхүү комисс Европын холбооны орнууд, АНУ, ХБНГУ, Япон, Казахстан улсуудын асуудлаа шийдэх нийтлэг шийдэл байсан. Монголд ёс зүйг өндөр түвшинд байлгахад хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол 

  1. Мэргэжлийн хүмүүс,
  2. Хууль эрх зүйн орчин,
  3. Хараат бус үйл ажиллагаа, санхүүжилт” гэв.
Б.САРАНЦЭЦЭГ: ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ УНАЛТАД ОРСОН

“Мэргэжлийн бүх салбарт хамаарагдах ёс зүйн асуудал маш чухал сэдэв юм. Сүүлийн 15-20 жил бид зөв хүнийг нийгэмд гаргана гэж зөндөө л ярилаа. Эргээд харахад хүн төвтэй нийгэм байгуулаад байна уу, эсвэл мөнгөний төвтэй нийгэм байгуулаад байна уу гэдэгт эргэлзэж байна. Манай дээр явуулсан судалгаанаас хараад байхад Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн мэргэжилтний гаргаж буй ёс зүйн алдаа энэ салбарын мэргэжилтнүүдийн нэр хүндийг унагасан. Товчхондоо бол сүүлийн 15 жилд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй уналтад орсон гэж хэлж болно. 

Мөн эрүүл мэндийн байгууллагуудын манлайлал, үлгэр жишээ байдал дутмаг байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн мэдлэг муу, ерөнхийдөө хариуцлагаас айх байдалтай ажилладаг.

ЭМСЯ-ны дэргэд ажилладаг ёс зүйн Хяналтын хороонд ямар бэрхшээл тулгамдаж байна вэ гэвэл ёс зүйн алдаанаас урьдчилан сэргийлэх ажил салбар бүрт жигд буй, дэмжлэг багатай хийгдэж байна.

Эрүүл мэндийн салбарт мэргэшсэн хуульчид цөөн, мэргэжилтнүүдийн мэдлэг дутуу, салбар хороодын санхүүжүүлэлт төдийлөн хангалттай бус. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хариуцлага тооцох механизм байхгүй” хэмээв.

Д.ТУНГАЛАГ: БАГШ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЁС ЗҮЙН АСУУДЛЫГ ТӨР ОРХИГДУУЛСААР ИРСЭН
 

Эдийн засгийн өсөлтөд чанартай боловсрол чухал. Үүнийг багшлах мэргэжлийн хүмүүс олгодог. “Багш нар мэдэж байгаа зүйлээ ухамсартайгаар заадаг, харин ухамсаргүйгээр хэн болохоо заадаг” гэсэн үг бий. 

Багш мэргэжилтнүүдийн ёс зүйн асуудлыг төр орхигдуулсаар ирсэн. Нийт ард түмэн багш нараас хараат болчихож байгаа. Тухайн мэргэжилтнүүдийн ёс зүй, мэдлэг ур чадвар хангалттай биш бол нийгэмд асуудал үүсэж байгаа гэсэн үг.

Одоо манайд байгаа Ёс зүйн хороо улс төрөөс хараат байгаа нь гол асуудал. Аймаг, нийгмийн Боловсролын газрын дэргэд ёс зүйн хороо ажилладаг.  Сургуулиуд дээр байсныг болиулсан. Учир нь тухайн сургуулиуд Ёс зүйн хороог багшийн эсрэг зэвсэг болгож ашигласан.  

Гэхдээ одоо ч нөхцөл байдал хүнд хэвээр байна. Тухайлбал нэг аймгийн ёс зүйн хороонд ямар ч гомдол ирээгүй байх жишээтэй. Ёс зүйн хороонууд өрөөсөн хөл дээрээ ажиллаж байна. Учир нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах нь чухал байдаг. Мөн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд дан тухайн мэргэжлийн хүмүүс байх нь хангалтгүй юм” гэв.

М.МӨНХМАНДАХ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРТ 35-ААС ДООШ НАСНЫ ЗАЛУУС БАЙДАГ
 

Хэвлэл мэдээллийн салбарт 35-аас доош насны залуус байдаг. Хувь хүний ёс суртахуун бол нийгмийн ёс суртахууны төлөвшлийн нэг хэсэг. Иймээс шууд сэтгүүлчидтэй хариуцлага тооцох нь өрөөсгөл юм. Аль ч мэргэжлийн салбарт хувь хүний ёс суртахуунаас гадна байгууллагын ажиллах орчин чухал.

Хэвлэл мэдээллийн салбар өнөөдөр эдийн засаг, улс төрөөс хараат байдалтай байна. Өөрөөр хэлбэл хувь сэтгүүлч мэргэжлийн ёс зүйтэй байлаа гэхэд тухайн байгууллагын удирдлага, эзэмшигч, хөрөнгө оруулагч нь тодорхой, ашиг сонирхолд үйлчилдэг цаг үед эрхлэгч, захирлынхаа өөдөөс эсэргүүцвэл ажилгүй болох сонголт л байна. 

Дээрээс нь цахим орчин хурдацтай хөгжиж байна. Өнөөдөр сэтгүүлчид хамгийн түрүүнд мэдээллийг хүргэдэг байгууллага байхаа болилоо. Учир нь дэлхийн өнцөг булан бүрээс хүн бүр мэдээллийг олон нийтэд хүргэх боломжтой болсон.

Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа тухайн сэтгүүлч мэдээллийг нягтлах, шалгах цаг хугацаа, боломжгүйгээр тухайн орчиндоо өрсөлдөж ажиллаж байна.
Ингэснээрээ сэтгүүлчдийг өмөөрч байгаа юм биш. 

Итгэл үнэмшил, мэргэжлийн хэм хэмжээ сул байгаа. Энэ утгаараа хамгийн том сорилт бол яаж сэтгүүлч гэдэг мэргэжлийн түвшинд мэдээллийг олон нийтэд хүргэж чадах вэ гэдэг асуудал” гэв.


Гэрэл зургийг mpa.mn