Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

МЭЗЧ: Дэлхийн болон Монголын ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 30
iKon.MN
 

- Монголын Эдийн Засгийн Чуулганы нэгдсэн хуралдаан “Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв”, “Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сэдвээр үргэлжилж байна -

Уг хуралдаанаар дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт гарч буй гол үйл явдлууд, гол сорилтууд, сорилтуудыг даван туулах боломжийг хэлэлцэж байгаа юм. Хуралдааныг Блүүмберг телевизийн Гүйцэтгэх захирал Э.Долгион хөтөлж байна. Харин тэргүүлэх оролцогчидоор Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивен Патхак, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Саккэр, Сангийн сайд Б.Болор, МУИС-ийн багш, доктор Ч.Хашчулуун, Эрнст энд Янг Банк, Санхүүгийн салбарын баталгаажилтын үйлчилгээний тэргүүн Кейт Погсон, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан нар оролцож, санал бодлоо илэрхийлж байгаа юм.

ВИВЕН ПАТХАК: МОНГОЛ УЛСЫН ХЭТИЙН ТӨЛВИЙГ БИД ЭЕРЭГЭЭР ХАРЖ БАЙНА
 

Хэлэлцүүлгийн гол илтгэлийг ОУСК-ийн Зүүн Азийн бүсийн захирал Вивен Патхак илтгэл тавилаа.

Тэрбээр “Монгол Улс Ардчилал болон зах зээлийн эдийн засагт зэрэг шилжиж чадсан явдал нь их чухал юм. Хоёрдугаарт Монгол Улсын хувьд өөрийн онцлог соёл, түүхэн өв ихтэй орон. Улс орны баялаг түүх соёл нь Монгол Улсыг одоо дэлхий дээр ямар байр суурь эзлэхийг тодорхойлогч хүчин зүйлс мөн.

Гэхдээ тулгамдаж буй асуудлууд байна. Хувийн хэвшил, компаниуд урт хугацаандаа их санаа зовох тийм нөхцөл байдал үүсчээ.

Компаниуд ирээдүйд ямар байх вэ гэдэг дээр анхаарч бодлогоо тодорхойлохоос өөр аргагүй юм. Манай байгууллагын Монгол руу чиглэсэн стратеги тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх, уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих, жижиг дунд бизнест үр ашигтай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах зэрэг юм.

Дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлууд тухайн улс оронд хэрхэн нөлөөлөх, хяналтдаа байлгах хүчин зүйлс нь юу вэ гэдгийг дүн шинжилгээ хийж байна.
Ашигт малтмалын үнэ унасан нь тодорхой асуудал. Угаасаа ийм тогтворгүй байдаг тохиолдолд хэрхэн өндөр өсөлттэй улсуудад хөрөнгө оруулалт хийх вэ гэдэгт хөрөнгө оруулагчид болгоомжтой ханддаг юм.

Үүнд хамгийн гол нөлөөлөл зүйл нь улс орны бодлогын тогтвортой байдал юм. Хэрэв улс оронд бодлого нь өөрчлөгдөж байгаа тохиолдолд тэр нь хэр тодорхой байх зэргийг хөрөнгө оруулагчид харгалзаж үзнэ.

Монгол залуус дэлхийн хэмжээнд ажиллаж, амьдрах сонирхолтой байгаа нь том давуу тал юм. Мөн дасан зохицох чадвартай учраас ашигт малтмалын үнэ унасан хүнд үеийг даван туулах болов уу. Хятадын тухай ярихад тус улсын эдийн засгийн өсөлт 8-10 хувтай байсан. Гэхдээ одоо саарч байгаа нь үнэн. Бид яагаад үүнд санаа зовох ёстой вэ?

Хятад улсын хувьд тодорхой өөрчлөлтүүд байгаа бөгөөд хөрөнгө оруулалтаасаа илүү хэрэглээний өсөлтөө хангахад анхаарах болсон. Хятад улсын хувьд менежментээ хэрхэн хийх вэ гэдэг нь анхаарал татсан асуудал. Мөн хөрөнгийн зах зээл, валютын захын асуудалд тус улсын удирдагчдын шийдвэр чухал нөлөөтэй юм.
Азийн бүс нутаг бүхэлдээ дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр нь байна байх. Ази тивийн эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээ өндөр байж ирлээ. Ирээдүйд Ази тив эдийн засгийн чухал бүс болох нь тодорхой. Хятадын хувьд ашигт малтмалын зах зээлд тэргүүлэх магадлалтай юм.

Харин Монголын хувьд бусад орнуудтай амжилттай өрсөлдөж чадвал ашигт малтмалын салбарт эерэг ирээдүй байх боломжтой.

Монголын хувьд гол хүндрэл нь ашигт малтмалаас хараат, худалдааны хувьд ганц түнштэй байгаа явдал юм. Монголчууд яагаад жуулчдыг татаж, хүнсний бүтээгдэхүүний экспорт хийж, мэдээллийн технологийн томоохон цэг болох бололцоо бий. Монгол Улсын хэтийн төлвийг бид эерэгээр харж байна” гэдгийг онцлов.

ХӨТЛӨГЧ Э.ДОЛГИОН “ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ ТААМАГЛАЛ ЮУ БАЙГАА ВЭ. УРАГШ НЬ ТАТАХ ЗҮЙЛ, ХОЙШ НЬ ТАТАХ СОРИЛТУУД…юу вэ? хэмээх асуултыг оролцогчдын дунд тавилаа.

Энэ асуултад ОУВС-ийн суурин төлөөлөгч Нэйл Саккэр “Монгол Улсын хувьд эрсдэлтэй. Олон улсын түвшинд ч эрсдлүүд нэмэгдэж байна.  Үүнийг даван туулах тал дээр дэлхийн улс орнууд шийдвэр гаргаад явж байгаа. Монгол Улс санал нэгдэж чадвал эерэг шийдвэрүүд гарах бололцоо бий. Оюу толгой төслийн хувьд ахиц дэвшил гарч байгаа нь Монгол Улсад эерэг нөлөөлөл авчрах нь тодорхой.

 

Энэ жил болон дараа жил ашигт малтмалын салбарын хэтийн төлөв сайн бус байгаа ч бодлогын талаасаа чухал зүйлс хийх боломжтой.

Макро эдийн засгийн бодлогыг Засгийн газар төлөвлөж байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх болов уу” гэв.

Эрнст энд Янг банкны төлөөлөгч Кейт Погсон “Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард нэлээн олон тэрбум доллар хөрөнгийн захад орсон. Бид улирал бүр олон улсын зах зээл дээр судалгаа хийж үздэг. Анхлан хувьцаа гаргаж байгаа компаниудын тоо буурах хандлагатай байгаа нь санаа зовоосон хүчин зүйл мөн. Гэхдээ энэ нь яваандаа тогтворжих болов уу.

Энэтхэг, Египет хоёр бол энэ жилийн хамгийн их IPO хийсэн орнууд юм. Ер нь хөгжиж буй орнуудын зах зээл эерэг хандлагтай байна.  Зах зээлийн нөхцөл байдлыг аваад үзэхээр өрийн ачаалал БРИКС-ийн орнуудаас өөр орнууд дээр нэмэгдэж байна. Дүгнэж хэлэхэд хувьцаа гаргах тал дээр компаниуд хүлээзнэх хандлагатай. Мөн өнгөрсөн жилийн сүүлээр гарсан шийдвэрүүд эдийн засагт эерэг нөлөөллөө үзүүлж байна. Ашигт малтмалын зах зээлийн хувьд Монголд зэс нийлүүлэх тогтолцоо их байна. Яваандаа Хятадын Засгийн газраас гаргасан хөтөлбөрийн хүрээнд яваандаа зэсийн эрэлт өсөх хандлагатай байгаа” гэв.

Н.ЗОЛЖАРГАЛ: МЭДЛЭГ ШИНГЭСЭН ЭКСПОРТ БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮН ЗОРИЛГО
 

Хөтлөгч сүүлийн үед гарсан хүндрэлтэй холбоотой эдийн засгийн бүтцэд гарсан өөрчлөлтийн талаар асуулаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.ЗолжаргалЖилд дөрвөн тэрбум ам доллар байсан гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр тэг рүүгээ орлоо. Гадаадын нөхцөл байдал Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг болжээ. Гадаад нөхцөл байдал их амархан, огцом сайжирна гэж бодохгүй байна. Тиймээс бидний хийгээд байгаа зүйл бол уул уурхайн хамаарлаа хэрхэн багасгах вэ гэдэг асуудал. Ийм үед инфляци огцом өсдөг. Тиймээс хуримтлал дээр суурилсан загвар хөгжүүлэхд маш хэцүү.

Азийн бусад орнуудыг харахад Монгол хамгийн тогтвортой, нам инфляци дээр ирчихсан байна. Ийм үед компаниуд бизнесээ, Засгийн газар төсөвөө хэрхэн барих вэ гэдэг өөрөө асуудал. Уул уурхайн бус, мэдлэг шингэсэн экпортоо хөгжүүлнэ гэдэг бол Монгол Улсын эдийн засгийн тэргүүн зорилго юм. Уул уурхайн уналт бидэнд сургамж боллоо. Хуримтлал буюу моргейжийн бодлого хоёр жилд инфляци нам тогтвортой байхад тусаллаа. Нам инфляци бидний туйлын зорилго байсан. Ийм орчинд бидэнд шинэ бололцоонууд бий болгож байна” гэв.

Ч.ХАШЧУЛУУН: ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ КОМПАНИУД ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН
 

Манай эдийн засаг түүхий эд дээр суурилсан учраас дундаж давхаргын орлого ашигт малтмалын салбараас хамаардаг. Хэрэв дундаж давхаргын амжиргааг сайжруулъя гэвэл ашигт малтмалын үнэ сайн байхад тэднийг дэмжих бодлого хэрэгжүүлэх юм. Уул уурхайгаас хамааралтай манай эдийн засаг мөчлөгийн шинж чанартай өсөлт цаашид ч байна. Тиймээс тогтолцоогоо сайжруулах нь чухал. Үүний тулд төсвийн бодлогоо сайжруулах нь чухал. 

Саяын эдийн засгийн хүндрэлээр Монголыг хамгийн их хүнд байдалд оруулсан нь төрийн оролцоотой компаниуд буюу Монголын төмөр зам, Таван толгой, Эрдэнэс Оюу толгой байсан. Цаашид төрийн өмчит том компаниудыг нэг том холдинг болгоод бусдыг нь салбар болгох хэрэгтэй. Удахгүй 2017 оны төсвийг хэлэлцэнэ. Болдог бол олон улсын сантай Стэндбай хөтөлбөрийг нэн яаралтай хэрэгжүүлж, тэрбум орчим ам.долларын санхүүжилтийг авч арга хэмжээ авах хэрэгтэй гэв.

Эдийн засгийн хэтийн төлөвтэй холбоотой нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Гэрэл зургийг mpa.mn