Уншиж байна ...

Аргентины иргэд үхсэн нохойтойгоо ярьдаг ерөнхийлөгчийнхөө сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Аргентины ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч Мануэл Адорни сэтгүүлчидтэй уулзах үеэр нэгэн нохойтой холбоотой асуудал хоёр ч удаа сөхөгджээ.

Тус улсын 53 настай ерөнхийлөгч Хавьер Милей англи мастиф үүлдрийн Конан нэртэй нохойтой байсан нь долоон жилийн өмнө үхсэн юм байна.

Милей уг нохойдоо маш их хайртай байсан тул клонийн аргаар хувилуулж, дөрвөн ижил нохойтой болсон гэдэг.

Гэтэл сүүлийн үеийн мэдээллүүдэд Милейг таван нохойтой гэх болсон нь хүмүүсийн дунд эргэлзээ үүсгэжээ.

Саяхан Милей CNN сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ерөнхийлөгчийн барьдаг таягийн толгойд таван нохойнхоо дүрсийг сийлүүлснээ ярьсан юм.

зураг
 

Өнгөрсөн оны наймдугаар сард сонгуулийн ялалтаа зарлахдаа тэр бас Конан, Милтон, Муррай, Роберт, Лукас нэртэй таван нохойдоо талархал илэрхийлж байжээ.

Гэтэл Милейн нохойнуудтайгаа авхуулсан гэрэл зурагт дөрвөн нохой л байсан юм.

Пүрэв гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид Адорнигоос ерөнхийлөгч яг хэдэн нохойтой, тав дахь нь бодитой байдаг эсэхийг асуужээ.

Адорни ерөнхийлөгч нь яг хэдэн нохойтойг хэлээгүй ч “Ерөнхийлөгчийг байдаггүй, хий зүйлтэй ярьдаг гэх нь түүнийг үл хүндэтгэсэн хэрэг юм. Энэ бол түүний гэр бүлийн дотоод асуудалд хутгалдсан хэрэг” гэж сэтгүүлчдийг шүүмжилсэн байна.

Даваа гарагт тэр ижил асуултад хариулахдаа “Дөрвөн нохой, таван нохойн хооронд ямар ялгаа байгаа юм бэ?” хэмээн бухимдаж байжээ.

2017 онд Конаныг үхэхэд уй гашууд автсан Милей эсийг нь АНУ-ын PerPETuate компанид илгээн хувилуулж байсан байна.

Тэрбээр шинээр мэндэлсэн дөрвөн нохойдоо өөрийн хүндэтгэж явдаг эдийн засагчид болох Милтон Фридман, Муррай Ротбард, Роберт Лукас нарын нэрийг өгч байжээ.

Милейг тусгай хэлээр үхсэн амьд бүх ноходтойгоо харилцдаг тухай сэтгүүлч Хуан Луйз Гонзалесын бичсэн намтарт өгүүлсэн байдаг.

Өмнө нь Милейтэй хувийн бизнесийн салбарт хамтран ажиллаж байсан улс төрч Рафаэл Белса саяхан Аргентины хэвлэлд ярихдаа Конан нохойнхоо “диваажин”-гаас илгээсэн мессэжийг хүлээж авснаа одоогийн ерөнхийлөгч ярьж байсныг дурсжээ.

Милей өөрөө нохдынх нь талаар асуултад огт хариулдаггүй юм.

Милейн албан бус намтрыг бичсэн Гонзалес “Энэ нь сонсоход инээдтэй зүйл мэт боловч ерөнхийлөгчийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал юм” гэж ярьжээ.

Аргентины өмнөх ерөнхийлөгч Альберто Фернандес саяхан бас уг асуудлыг хөндөхдөө “Миний нохой амьд, гэхдээ надад зөвлөдөггүйг та бүхэн мэдэж байх хэрэгтэй” гэж хошигносон юм.

Мягмар гарагт их сургуулийн санхүүжилтийг танахын эсрэг жагссан оюутнууд “Шинжлэх ухаан байхгүй бол Конан байхгүй” гэсэн уриаг ашиглан ерөнхийлөгчөөрөө даажигнаж байжээ.

Тэдний нэг нь “Конан” гэсэн бичигтэй хоосон хүзүүвч барьсан байв.

 

Эх сурвалж: AFP