Уншиж байна ...

Японы компани анх удаа сансрын хог хаягдлын гэрэл зургийг буулгаснаа нийтэд үзүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Японы сансрын технологийн Astroscale Holdings Inc компани дэлхийд анх удаагаа хүний гараар бүтсэн сансрын хог хаягдлын ойроос буулгасан гэрэл зургийг нийтэд үзүүлжээ.

Уг хаягдал нь 2009 онд Япон улсын хөөргөсөн H2A пуужингийн нэг хэсэг юм байна. Зургийг хэдэн зуун метрийн зайнаас Astroscale компанийн туршилтын ADRAS-J хиймэл дагуулаас буулгажээ.

Газраас 600 км-ийн өндөрт хурдтайгаар дэлхийг тойрон эргэлдэж буй уг хаягдал 11 метр урт, 4 метр диаметр, 3 тонн орчим жинтэй юм байна.

“Урьд өмнө буулгаж байгаагүй уг зураг нь сансрын хог хаягдлын асуудлыг ойлгож, шийдвэрлэхэд чухал алхам болж, аюулгүй, тогтвортой сансрын орчныг бүрдүүлэхэд ахиц дэвшил гаргаж байна” гэж Токиод төвтэй Astroscale компани мэдэгджээ.

Дараагийн шатанд ADRAS-J хиймэл дагуул хаягдалд хэдхэн метрийн зайд ойртож, тойрон эргэлдэхдээ түүний хэр их элэгдэж, муудсаныг шинжлэх юм байна.

Дэлхийн тойрог замд хүний гараар үүссэн сансрын хог хаягдал эрс нэмэгдсэн нь ойрын үед шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болоод байгаа.

Astroscale компанийг 2013 онд Японы сангийн яамны албан хаагч асан Нобу Окада үүсгэн байгуулсан нь тойрог замыг сансрын хог хаягдлыг цэвэрлэх зорилготой юм.

Ирээдүйд тус компани сансрын хог хаягдлуудыг робот гартай хиймэл дагуулаар цуглуулаад дэлхийн агаар мандалд оруулж, устгах зорилготой ажиллаж байна.

ADRAS-J (Active Debris Removal by Astroscale-Japan) хиймэл дагуулыг энэ оны хоёрдугаар сард Шинэ Зеландаас хөөргөж байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News