Уншиж байна ...

Газын зурваст нас барсан эхийн хэвлийгээс төрсөн палестин охин хэдхэн хоноод нас баржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Израилийн агаарын цохилтын үеэр нас барсан эхийн хэвлийгээс эсэн мэнд төрсөн охин хэдхэн хоноод нас барсныг төрөл төрөгсөд нь Баасан гарагт оршуулжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагийн шөнө Израилийн арми Газын зурвасын өмнөд хилийн боомт Рафа хотыг бөмбөгдөх үеэр гэртээ байсан 30 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй Сабрин аль-Сакани аль-Шэйх хүнд шархадсан юм.

Энэ үеэр түүний нөхөр Шукри болон гурван настай охин Малак нар амь үрэгджээ.

Эмч нар хүүхдийг хийсвэр хагалгаагаар төрүүлсэн ч эх нь шархаа даалгүй нас барсан юм.

Амьсгалын эрхтний хүндрэлтэй, дархлаа сул төрсөн охиныг Рафа хотын Эмирати эмнэлгийн яаралтай тусламжийн багийн ахлах эмч Мохаммад Салама халамжилж байсан ч Пүрэв гарагт амьсгал хураажээ.

“Бид нар түүнийг аврах гээд чадсангүй. Миний хувьд маш хэцүү, эмгэнэлтэй өдөр болж байна. Амьсгалын систем нь бүрэн хөгжөөгүй, дархлаа сул байсан нь охиныг үхэлд хүргэлээ. Охин гэр бүлтэйгээ диваажинд уулзахаар явлаа” гэж Салама эмч утсаар мэдээлсэн байна.

Палестины засаг захиргааны гаргасан тоо баримтаас үзвэл Газын зурваст зургаан сар үргэлжилж буй Хамас-Израилийн дайны үеэр 34,000 гаруй палестин хүн алагдсаны ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа юм.

Израилийн эрх баригчид Хамас зэвсэгт байгууллагыг устгах зорилготой гэдэг ч энгийн иргэдийг олноор хэлмэгдүүлсээр байна.

Авга ах Рами аль-Шэйх Жуда нь охиныг түүний гэр бүлийнхний булшны дэргэд оршуулжээ.

“Миний дүү, түүний эхнэр, охид бүгд үхлээ. Бидний цугтаа амьдарч байсан орон гэр сүйрсэн. Гэрэл зураг, гар утас гээд тэднийг дурсах юу ч үлдсэнгүй” гэж тэр харамсан ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters