Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

МЭЗЧ: Монгол ЭМЭГТЭЙ ерөнхийлөгчтэй болоход асуудалгүй. Гэхдээ…

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр МЭЗЧ-ны салбар хуралдаан үргэлжилж байна. Энэхүү хуралдаанд Хүйсийн тэнцвэртай байдал-Бүтээмж, Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь сэдвээр ярьж байгаа юм.

Хуралдааны хөтлөгч: Голомт Файнэншил Группийн Гүйцэтгэх захирал Л.Болормаа
Оролцогчид: Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны ахлах банкир, суурин төлөөлөгчийн орлогч Ө.Азжаргал,
Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри,
ЭЗК-г үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга А.Ундраа,
Делоитт Онч ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн,
Бат Солюшн Партнерс компанийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг

2015 оны байдлаар Монгол Улс хүйсийн тэнцвэрт байдлаараа 145 орноос 56 дугаар байрыг эзэлж байна. Гэхдээ энэ үзүүлэлтийг улам ахиулах хэрэгтэй байгаа гээд салбар эхний илтгэлийг Д.Ончинсүрэн танилцууллаа. Түүний илтгэлийн гол санааг хүргэе.

Гэрэл зургийг mpa.mn

Монгол эмэгтэйчүүд бага наснаасаа эрэлхэг зоригтой, чөлөөтэй өсөж ирсэн. Бизнес хийж чаддаг л бол хийгээд өнөөдрийг хүрч байгаа. Мөн биднийг эрэгтэйчүүд их дэмждэг гэж надад бодогдож байна. Экономист сэтгүүлээс 2016 оныг тодорхойлсон гурван үгний нэг нь ЭМЭГТЭЙЧҮҮД гэдэг үг байсан. 

Герман болон Францын ТУЗ-ын гишүүдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байх тухай хууль баталсан байна. Манай улсын хувьд 2012 онд сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэж хуульчилсан.

Монгол эмэгтэйчүүдийн хувьд

  • Боловсролын салбарт 79 хувь
  • Эрүүл мэндийн салбарт 87 хувь
  • Төрийн удирдлагын салбарт 50 хувь нь эмэгтэйчүүд байна.

Форбесийн хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд манлайллын үзүүлэлтээрээ эрэгтэйчүүдээсээ хавьгүй илүү байдаг гэнэ. Жишээ нь үлгэр дуурайллаараа 57 хувь нь илүү, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг гэдгээрээ 66 хувь нь илүү оноо авсан байх жишээтэй. 

Д.Ончинсүрэн:Бид өөрсдийгөө хөгжүүлж, хатуу ширүүн байх ёстой карьерын өрсөлдөөнд ажиг ч үгүй ялдаг болох хэрэгтэй.

 

Тэгэхээр бидэнд эмэгтэй лидерүүдийн асуудал чухал байна. Гэвч бидэнд олон сорилтууд тулгардаг. Тэрхүү бэрхшээл сорилтыг өнөөдөр ярихгүй байхын аргагүй. 

Жишээ нь:

  • Нэр дэвшихэд шаардлага хангасан эмэгтэйчүүдийн тоо хязгаарлагдмал байдаг учир цөөн хэдэн эмэгтэйчүүд олон ТУЗ-д суух магадлалтай болж байна. 
  • Эдийн засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь манай улсад олон улсын жишгээс доогуур байна. Жишээ нь компаниудын ТУЗ болон Гүйцэтгэх захирлуудын хувьд 20-25 хувьтай байдаг. 
  • Эмэгтэйчүүдийн талаарх нийгмийн буруу, хэвшмэл ойлголтууд бий.

Эцэст нь дүгнэж хэлэхэд бидэнд боломж нээлттэй байна. Жендерийн асуудал өндөр авч байгаа энэ үед төрөөс болон бизнесийн байгууллагуудаас тодорхой арга хэмжээ авч байна. Эмэгтэйчүүд магтагдаж, моодонд орж байна. Тиймээс бид өөрсдийгөө хөгжүүлж, хатуу ширүүн байх ёстой карьерын өрсөлдөөнд ажиг ч үгүй ялдаг болох хэрэгтэй байна” хэмээв.

Асуулт: Бодлогын түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо муу байна. Үүнийг яаж нэмэгдүүлэх вэ?

 

А.Ундраа: Манлайлал маш чухал гэж боддог. Толгой хаашаа явна хөл тийшээ гэдэг шиг аливаа засаглалд эмэгтэй, эрэгтэйчүүдийн оролцоо тэнцвэртэй байх нь чухал үүрэгтэй гэж бодож байна. Би МАН-ын судалгааны байгууллагын захирлаар ажилладгийн хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэлд ойр.

Миний бодлоор шийдвэр гаргах түвшинд байгаа эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд 

Нэгдүгээрт, эерэг хандлага
Хоёрдугаарт, эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ эн тэнцүү байж чадахуйц хувь хүн байх ёстой. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, өөрийгөө хөгжүүлэх юм.

Асуулт: Хэзээ Монгол эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох вэ. Бэлэн байна уу?

Гэрэл зургийг mpa.mn

В.Ганзориг: Дэлхийн Эдийн Засгийн Форум дээр сонирхолтой судалгаанууд явагддаг. Дөрвөн гол категориор дүгнэсэн байдаг. Үүнээс харахад эрүүл мэнд, боловсролын чиглэлээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адилхан эрхтэй. Харин хамгийн сул нь улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшинд ажиллах юм.

2006 онд манайх хүйсийн тэгш эрхийн үзүүлэлтээрээ 46 дугаар байрт байсан бол 10 жилийн дараа 56 дугаар байрт орчихсон байна. Энэ нь ухарсан үзүүлэлт юм.
Энэ дундаа боловсролын салбарт 20 дугаар байраас 73 руу орчихсон байна. Энэ бол хамгийн сөрөг үзүүлэлт юм.
Асуултад хариулахад

  • Хууль эрх зүй,
  • Боловсрол,
  • Технологийн дэвшил,
  • Соёл уламжлал гэсэн дөрвөн категори чухал.

Монгол эмэгтэй ерөнхийлөгчтэй болоход асуудалгүй. Гэхдээ үүний тулд хийх ажил их байна гэсэн юм.

Асуулт: Бизнес эрхлэхэд эмэгтэй хүнд ямар асуудал тулгарч байна вэ?

Гэрэл зургийг mpa.mn

Ариунаа Сүри: Би 2012 оноос өөрийн бүтээгдэхүүнийг гадны зах зээлд нийлүүлж байна. Бүтээгдэхүүнээ ямар ч салбар дээр гаргаж байхад тухайн бүтээгдэхүүнийг ямар арга замаар гаргаж, амжилтанд хүргэж вэ гэдгээ хүмүүс мэддэггүй буюу боловсон хүчин дутмаг байгаа асуудал юм. 

Бидэнд өөрсдийн гэсэн монгол ноу хау хэрэгтэй. Үүнийгээ тодорхойлчих юм бол бид амжилтанд хүрээд явах байх. Хөгжилтэй орнуудад хүйсийн ялгаа байдаггүй юм шиг харагддаг. Харин манайх шиг оронд энэ асуудал илүү яригддаг.  Гэхдээ миний ажиллаж буй салбарт хүйсийн ялгааны асуудал бараг байхгүй.

Эдийн засгийн чуулганы салбар хуралдаан үргэлжилж байна.